- Сэтгүүлч
- 2023/09/06
- 186
“S’Outlet” дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ
Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо:
-Газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт газар чөлөөлөх шаардах хуудсыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Өнөөдөр шаардах хуудасны хугацаа дууссантай холбоотойгоор албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн дөрвөн мянган ам метр талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 14 төмөр чингэлэг, гурван сэндвичин барилгыг буулгах ажлыг эхлүүлээд буй гэв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын 14 гол горхины дэлгэрэнгүй судалгааг хийжээ. Тус албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Судалгааны хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид энэ ажил үргэлжилнэ” хэмээлээ.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд, мөн үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд барилга, байгууламж барихгүй гэж заасан байдаг. Уг журмын дагуу стандарт мөрдүүлэх ажил ийн эхэлж байна. Цаашид үерийн эрсдэлтэй бүсэд байрлуулсан байгууламжийг чөлөөлөх ажил хууль, дүрэм, журмын дагуу үргэлжилнэ” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл