Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ” 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 4 өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү төслийн хүрээн дэх төгсгөлийн туршлага солилцох арга хэмжээ гэдгээрээ онцлогтой байлаа.

Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд болон Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд оролцов.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, хяналт шинжилгээний тайлан зэргийг танилцуулж, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын хэлтсийн дэд дарга Феликс Стребел, тус хэлтсийн төслийн менежер Раул Кензиг нар санал зөвлөмж хэлэхийн зэрэгцээгээр Швейцарын Холбооны Улсын Парламентын хяналт шалгалт, парламентаас хийж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаарх харьцуулсан мэдээлэл зэргийг Улсын Их Хурлын гишүүдэд  танилцуулж, харилцан туршлага солилцсон. “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ” дөрөв дэх өдрөө “Мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр үргэлжилж,  Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу “Улсын Их Хурлын мэдээллийн нэгдсэн сан”-гийн талаарх танилцуулга, мэдээллийг хийлээ. Дараа нь талууд сонирхсон асуултдаа хариулт авч, санал, зөвлөмж сонсов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын олон салбарт оруулсан хувь нэмэр, хөрөнгө оруулалт их. Түүний нэг нь Монгол Улсад парламентын ардчиллыг хөгжүүлэх төсөл юм. 2017 оноос хэрэгжиж 2020 он хүртэл 3 жилийн хугацаанд парламентын хяналт ямар түвшинд байх талаарх мэдээллийг өндөр түвшинд өгсөн.Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурал Хяналт шалгалтын тухай хуультай болсон нь Парламентын хяналт шалгалтыг шинэ түвшинд хүргэсэн хэмээн онцолсон юм.

Түүнчлэн Швейцарын Парламентын Тамгын газрын төлөөлөгчид цаашдаа парламентын хяналт шалгалтыг дахин түвшин ахиулахад парламентын хяналт шалгалтын байнгын хороотой байх нь хуулийг хэрэгжүүлэх ажилд илүү ахиц, дэвшил авчирна гэсэн санал зөвлөмжийг өгч байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа