Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг эцэслэн баталсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Үүний үр дүнд 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Манай улсаас АНУ-руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг, 2000-4000 долларын тийз төлдөг.

Шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацааг 10-12 цаг болгож 3-4 дахин хэмнэж, ая тухтай зорчих олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.

Эхний ээлжинд АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Миддлинг тээвэр, хулгайн нүүрс тээвэртэй холбоотойгоор эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. Түүнчлэн 2024 онд тус замд их засвар хийнэ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн.

Эх сурвалж: ЗТХЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа