Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч, ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Алекс Хайкенс болон тус сангийн мэргэжилтнүүд байлцав.

НҮБ, түүний харьяа байгууллагуудтай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг сайд Л.Цэдэвсүрэн онцлон тэмдэглээд хамтын ажиллагааны зарчим, үндсэн чиглэлийг тодорхойлсон гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллана гэлээ.

Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын шинэчлэл, НҮБ-ын 75 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

НҮБ-ын буцалтгүй тусламжаар “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” төслийг БШУЯ хамтран хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл дараах дөрвөн бүрэлдэхүүнтэй бөгөөд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

1. Бүх хүүхдэд хүртээмжтэй чанартай арга зүй, жендерийн мэдрэмжтэй агуулга, арга зүй, үнэлгээ бүхий цахим сургалт бий болгох;
2. Цөм хөтөлбөрийг бүх хүүхдэд хүртээмжтэй хүргэх цахим сургалтын систем, технологи бий болгох;
3. Цахим сургалтыг Монгол Улсын Боловсролын хууль, эрх зүйн баримт бичигт тусгах, бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох;
4. Сургалтын хоцрогдолтой алслагдсан малчдын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх, орлогын түвшин бага айлын хүүхдүүдэд зориулж хоцрогдлыг нөхөх сургалтын материалаар хангах зэрэг юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн манай улс хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд олон орны туршлага, зөвлөмжийг судалж, хувилбарт төлөвлөгөө боловсруулсан гээд КОВИД-19 халдварт вирус, түүнээс урьдчилан сэргийлэх “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж, хэрэгжүүлэхэд НҮБ, НҮБ-ын Хүүхдийн сан онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа