Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд дээрх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Энэ удаагийн дээд түвшний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Мигель Диас-Канел Бермудез,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хурлын дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж буй Бүгд Найрамдах Куба Улсын удирдагчид болон Кубын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг хэлэлцэж буй энэхүү дээд түвшний уулзалтыг нарлаг Хавана хотноо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт хурлын дарга аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай.

Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусаж байгаа цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байна.

Гэвч дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ.

Энэхүү дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх явдал юм.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, инновацын тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж, ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байхаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол улс сүүлийн жилүүдэд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг батлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-Mongolia системийг улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулан Цахим үндэстэн болохоор зорин ажиллаж байна.

Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн паркийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна.

Цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр шинжлэх ухаан, технологийн салбарт бүлгийн гишүүн улсуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Эрхэм хурлын дарга аа,

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаан, технологи, инновац, түүний дотор мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, хэрэглээ нь дэлхийн зах зээлд нэвтрэх шинэ боломжуудыг нээхэд чухал үүрэгтэй юм.

Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй улсуудын алслагдмал байршлын сул талыг бууруулж, уялдаа холбоог сайжруулах, ялангуяа худалдаа, тээвэр, транзит, харилцаа холбоо, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдол бүхий олон асуудлаар бодлогын судалгааг өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэхүү судалгааны төвийн шугамаар хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гуравласан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилт зориулагдах учиртай.

“Нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага” хүлээх, хөгжлийн албан ёсны тусламж болон уур амьсгалын санхүүжилтэд авсан үүрэг амлалтаа биелүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд тохируулан хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр шилжүүлэх зэрэг боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хөгжингүй улс орнууд болон хөгжиж буй орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадваас Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжих нь дамжиггүй юм.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээнд хэлэлцэж буй “Даян дэлхийн цахим гэрээ” нь бүх нийтийн нээлттэй, ил тод, аюулгүй цахим орчныг бий болгоход чухал түлхэц болно гэж бид үзэж байна.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний энэхүү уулзалтын үр дүн хөгжиж буй орнуудын хөгжлийг тэтгэх, “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжлэх, ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа