Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 20-ны өдөр “Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.

“Ханжоу 2022” Азийн XIX наадам энэ сарын 23-наас 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Уг наадамд хамгийн олон буюу 45 орны 10 мянга орчим тамирчин оролцож байгаагаараа онцлогтой.

Шатрын үндэсний шигшээ багт эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин багтаж байгаа бөгөөд дасгалжуулагчаар С.Ган-Од, М.Гүнбаяр нар ажиллаж байна. Шатрын үндэсний шигшээ багийг Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар ахалж байна.

Азийн наадмын шатрын тэмцээн ганцаарчилсан төрлөөр энэ сарын 22-ны өдөр эхлэх бөгөөд тоглолт талдаа 25 минут, нүүдэл бүрд 10 секундийн нэмэгдэлтэй рапид (түргэвчилсэн) төрлөөр явагдах юм байна. Ганцаарчилсан төрөлд Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, С.Ган-Эрдэнэ, С.Билгүүн нар эх орноо төлөөлөн тивийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Багийн төрлийн тэмцээн 09 дүгээр сарын 28-ны өдөр эхэлнэ.

“Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчин, 120 гаруй дасгалжуулагч, албаны гэсэн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа