Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ есдүгээр сарын 20-ны өдөр Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай НҮБ-ын Төв байранд уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, харилцан ашигтай салбаруудад харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Сербийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт Белград хотноо амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа мөн илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, энэхүү бодлогын хүрээнд экспортын чиг баримжаатай эдийн засгийг төлөвшүүлэх, улмаар гуравдагч улсын зах зээлд бараа бүтээгдэхүүний гаргахад онцгой анхаарч байна гэв.

Монгол, Сербийн худалдааны нийт эргэлтийн хэмжээ боломжит түвшнээс харьцангуй бага байгааг онцолж, худалдааны харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хамтын зорилго тавьж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, “Дэлхийн тусгай экспо 2027/28” арга хэмжээг Белград хотноо зохион байгуулах болсонд баяр хүргээд Серби Улс уг экспог амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа