“Хүний үхэл зовлонгоор хүртэл бизнес хийх болсон цагт амьдарч байна даа” хэмээн санаа алдах энэ эрхэм манай сонинд хандсан юм. Түүний ойрын төрөл садан нь зүрхний титэм судасны нарийсал гэх оноштойгоор Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барж, Хоёрдугаар эмнэлгийн Шарил хадгалах газарт хадгалуулжээ. Уй гашууд автсан хүмүүс эмнэлгээс хөдлөөд удаагүй байхад Шарил хадгалах газрын Сүмбээ гэх нөхөр утасдаж “Манайд сайн лам байгаа. Гандангийн лам нар бол худлаа шүү. Бидэнд буяны ажлын багц байгаа. Гандангийн зүүн талд нэг компани бий, тэнд оч” хэмээн байршил зааж өгчээ.

Ингээд зааж өгсөн дагуу компани дээр нь очиход нэг лам сууж байх бөгөөд тэрбээр “Алтан хайрцгаа дахиад нээлгэх үү” гээд таван сая төгрөгийн буяны ажлын багц санал болгож гэнэ. Тэгэхээр нь бид нар явж байгаад эргээд холбогдьё гэхэд ламтан “Та нар эргээд ирнэ дээ” хэмээн тавлаж занангуй үлдсэн байна.

Ламынхаас гарч явах зуурт л Шарил хадгалах газрын ажилтан дахин дахин утасдаж, “Та нар наад багцаа авсан дээр шүү” хэмээн шахаад байхаар нь “Бид явж үзэж байгаад болно” гээд ажлынхаа зам мөрийг хөөжээ. Гэтэл Шарил хадгалах газрын ажилтан дахин утсаар залгаж, “Та нар шарилаа хэдэн цагаас авах юм” гэхэд нь тэд “Өглөө 6.30-7.30 цагийн хооронд авна” гэхээр “Өглөө 7.30-6.30 цагийн хооронд шарил гарна, давхцах юм байна” гэх зэргээр шантааж хийж үзэж байна гэнэ. Угтаа санал болгосон лам, буяны ажлын багцыг нь аваагүй учраас дургүйцлээ илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Хоёрдугаар эмнэлгийн ажилчин хүний үхэл зовлонг сүлжээний гэмээр бизнест оруулж байгааг тэрбээр гаслан өгүүлсэн юм.

Ийнхүү шарил гаргах өглөө очиход Шарил хадгалах газрын ажилтан Сүмбээ хоногийн 28 мянган төгрөг, дөрөв хоносон 132 мянган төгрөг бэлнээр өг гэсний дагуу өгчээ. Уг нь тухайн эмнэлэгт нас барсан тохиолдолд Шарил хадгалах газрын төлбөр гэж авдаггүй дүрэм журамтай аж. Гэтэл Хоёрдугаар эмнэлгийн Шарил хадгалах газрын ажилтан ямар ч албан баримт хөтлөхгүйгээр, баримт бичихгүйгээр 132 мянган төгрөг авсан байна.

Нэгэнт төрөл саднаа алдсан хүмүүс дүрэм журмаас гадуур мөнгө авч байгааг мэдсэн ч тоосонгүй. Тиймдээ ч бидэнд хандсан эрхэм “Шарил хадгалах газарт өгсөн хэдэн төгрөгтөө биш, хамгийн гол нь хүний үхэл зовлонгоор бизнес хийж, дүрэм журмаас гадуур мөнгө авч байгаад л дургүй хүрлээ. Ингээд зогсохгүй шахаа хийж, сүлжээний бизнес ажиллуулж байгаа юм биш үү” хэмээсэн юм.

Өдөртөө хэд хэдээрээ гарч байгаа шарил бүрээс ийн хууль бус мөнгө авч байгааг Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргал мэдэхгүй байна гэж үгүй л болов уу. Дүрэм журмаас гадуур гарч байгаа энэ мөнгө нэг долоо, хоёр долоо хоног, жил, сараар үржүүлээд бодохоор асар их мөнгө.

Үүднийхээ жижүүрээс эхлээд бүхий л зүйлийг хяналтдаа байлгах ёстой дарга хүн үүнийг мэдэхгүй байна гэж үгүй. Эсвэл Я.Амаржаргалын удирдлагад ажилладаг, хурган дарга нарын нууц бизнес үү гээд асуудал үүснэ. Түүнээс бус Шарил хадгалах газрын нэг ажилтан ийм их хэмжээний мөнгийг ганцаараа халааслаад байна гэж үгүй. Үүний цаана эмнэлгийн дарга болон бусад удирдах албан тушаалтнууд бий гэх хардлага төрж байна. Гэхдээ “Загас толгойноосоо мууддаг” гэдэг үг бий. Хоёрдугаар эмнэлгийн даргын тухай сайн гэхээсээ илүүтэй саар зүйл олон бий.

Я.Амаржаргал Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа олон тэрбум төгрөгийн асуудалд орж шалгагдаж байсан хүн. Болж өгвөл мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд хутгалдчихаад байдаг даргыг хардах эрх нь хэнд ч бий. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг үг байдаг даа. Я.Амаржаргал дарга л өөрөө энэ тал дээр “овоо”-гоо босгосон учраас бид ийн хардахад хүргэж байгаа хэрэг.

Тухайлбал, эмнэлгийн 90 жилийн ойг тэмдэглэх нэрээр эрүүл мэндийн даат­­галын мөнгөөр худалдан авсан урвалж, оношилгооны хэрэгслийг иргэдэд хэрэглэхгүй хувийн аж ахуйн нэгжийн ажилчдын үзлэгийг бартерын шугамаар хийж мөнгө босгосон байдаг.

Мөн “Говь” үйлдвэрийн 1800 ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж түүнтэй дүйцэх хэмжээний орлогыг албан бусаар авч, тус компанийн 60,000 төгрөгийн үнэтэй майкыг 126,000 төг­рөгөөр тооцож бартердсан.

Цар талхын үеийг далимдуулан өндөр үнэтэй оношил­гооны багаж хэрэгсэл болох эхо, рентген аппаратыг бусадтай тохироо хийж их хэм­жээний мөнгийг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй хуйвалдан угаасан байж болзошгүй гэх мэт асуудал хөвөрнө. Дахин хэлэхэд ийм хэмжээний асуудал дэгдээж явсан дарга Шарил хадгалах газрын бизнесийг мэдэхгүй байна гэж үгүй гэх хардлага байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа