Монгол Улсад цус судлалын алба үүссэний 60 жилийн ой тохиож байна. Түүхт ойг тэмдэглэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны аравдугаар сарын 05-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо.

Анх 1963 онд “Цусны төв станц” нэртэй байгуулагдсан тус байгууллага Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж өргөжин тэлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аймаг орон нутагт салбар нэгжтэй томоохон байгууллага болж хөгжсөн их ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан гардуулж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.

С.Чинзориг сайд мэндчилгээндээ нэгэн жарны түүхийг хамтдаа бүтээлцсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тус салбарын үе үеийн ахмадуудад талархал илэрхийлээд цусны аюулгүй байдлыг хангах, цусны албыг хөгжүүлэх, асуудал улс орон бүрийн төрийн бодлогын салшгүй хэсэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдал, цусны аюулгүй байдлыг хангах, цус сэлбэлт судлалын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, техник технологи, барилга байгууламжийн шинэчлэл хийх, хүний нөөцийг чадавхжуулахад үргэлж анхаарч, бодлого, шийдвэртээ тусгаж ирснийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр “Цусны станц ба салбар байгуулах тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 505 дугаар тогтоолоор Гуравдугаар эмнэлгийн цусны станцыг Бактер шинжилгээний газрын Корийн ийлдэс бэлтгэх тасагтай нэгтгэж Цусны төв станцыг байгуулж, анхны захирлаар Чимэддуламын Шарав эмчийг томилсноор Монгол Улсад цус сэлбэх алба бие даан албан ёсоор байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж хөгжсөн.

Түүхэн хугацаанд цус сэлбэлт судлалын салбарын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн эрүүл мэндээ умартсан зүтгэсэн нөр их хөдөлмөр, хүмүүнлэгийн үйлсийн хүчээр энэ салбарын түүх бичигдсэнийг бид ойлгон хүндэтгэдэг билээ.

Та бүхний эрдэм мэдлэг, ур чадварын ачаар хүн амаа эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төрийн бодлогын дүнд бий болсон 1960-1980-аад оны хүн амын өсөлт, анагаах ухааны хөгжилтэй холбоотой мэс заслын эмчилгээнд хэрэгцээтэй цус, цусан бүтээгдэхүүний эрэлт, 1990-ээд оны нийгэм эдийн засгийн хямрал, эрүүл мэндийн салбарт тулгарсан хүндрэл, бэрхшээл, 2000-аад оны эрүүл мэндийн салбарын шинэчлэлт бүрт та бүхний оруулсан хувь нэмэр асар их” хэмээн тус салбарт ажиллагсдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж явдгаа илэрхийлсэн.

Ойн баярын арга хэмжээнд оролцогсдод мэндчилгээ дэвшүүлж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар үг хэллээ.

Н.Эрдэнэбаяр захирал “Бид хийж бүтээсэн ажлаа мөнхжүүлэх үүднээс түүхэн замналаа ном болгож, баримтат кино гаргасан. Баярын арга хэмжээнд маань үе үеийн ахмад ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагынхан, бүхий л цаг хугацаанд хамтран ажилладаг хүндэт донорууд хүрэлцэн ирсэн байна. Ойдоо зориулан ард иргэдэд цусны донорын хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг бодлогын хэмжээнд танилцуулах хурал зохион байгуулахаар төлөвлөсөн.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь төрөөс санхүүждэг эрүүл мэндийн байгууллагуудаас цорын ганц олон улсын стандарт хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд манайхаас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн олон улсын шаардлагад нийцэж, цусны аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа” гэв.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн харьяа 26 салбар төв орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Нийтдээ 14 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан тус байгууллага гурван жилийн өмнөөс бүх салбартаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр өдгөө 36 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн ардыг аюул өвчнөөс аврахад хувь нэмрээ оруулан зүтгэж буйг эрүүл мэндийн салбарт хамтран зүтгэгчид нь ойн баярын үеэр онцлон тэмдэглэж, онцгойлон талархал илэрхийлж байлаа.

Жаран жилийн ойн баярын хүндтэй зочдын нэг Монгол Улсын “Алтан донор” Д.Бум-Эрдэнэ 2001 оноос эхлэн 250 удаа цусаа өгч олон зуун хүний амийг аварсан ачтан. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцож хэлсэн үгэндээ “Эрүүл хүн бүр цусаа өгч бусдад амьдрал бэлэглэнэ гэдэг хамгийн буянтай үйлс юм. Миний хувьд 700-800 хүний амь аварч “Алтан донор” болсон. Гэхдээ хэчнээн хүн аварсан тоондоо биш хамгийн гол нь хүнд буян болж, тус хүргэсэндээ баярладаг. Нэг үеэ бодоход цусны донор ховор биш болсон. Залуучууд энэ үйлсэд нэгдэх нь нэмэгдсэн” хэмээсэн юм.

Нэгэн жарны түүхэн ойгоо баяр хөөр дүүрэн тэмдэглэж буй Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үе үеийн ахмадууд байгуулагынхаа цаашдын хөгжлийн төлөө санаа бодлоо энэ үеэр хуваалцаж байсан юм. Тэд цусны донорын сургалт, сурталчилгаагаар дамжуулан өсөн нэмэгдэж буй цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох, эрүүл зан үйлийг төлөвлшүүлэхэд иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулахад ЭМЯ бодлогын хэмжээнд анхаарч буйд талархал илэрхийлсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа