- Сэтгүүлч
- 2023/11/02
- 224
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам зэрэг албаны төлөөлөгчид угтан авав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1964 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 70 жилийн ойг угтан тус айлчлалыг хэрэгжүүлж буй юм.
Монголын талаас 1959 онд МАХН-ын Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус БНСВУ-д айлчилж байсан.
Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Вьетнамын талаас 1955 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин, 2000 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг, 2008 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет, 2017 онд БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар тус тус Монгол Улсад айлчилж байв.
Сэтгэгдэл