-Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй-

Өнгөрсөн амралтын өдрөөр орсон цасны хэмжээ болон Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

-Цас арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгаар орж эхэлсэн бөгөөд 3-4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төв аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр орсон. 4-нд төвийн аймгуудын нутаг болох Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутаг, Төв аймгийн баруун болон өмнөд хэсгээр, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурлаа. 4-5-нд шилжих шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуургасан шуурсан. 5-нд Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, их цас болон цасан шуурганы аюултай үзэгдэл болоод өнгөрлөө. Өнөө өглөөний байдлаар Төв аймгийн Эрдэнэсант суманд хамгийн зузаан буюу 34 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Монгол орны 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон.

-Улаанбаатар хотод хэдий хугацаанд хэр их цас орсон бэ?

-4-5-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, Нисэх, Хан-Уул, Нэгдүгээр хорооллын станцаас авсан мэдээллээр 10-11 цаг үргэлжилж, 7-9 мм цас орсон. 12 цагийн хугацаанд таван мм-ээс их цас орох юм бол цаг агаарын аюулт үзэгдэл, 10 мм буюу түүнээс дээш цас орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Завхан, Архангай, Төв аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд цас орж, цасан шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

-Нийслэлийн ойрын өдрүүдийн цаг агаарын  урьдчилсан төлөв ямар байна вэ?

-Өнөөдөр буюу 6-7-нд шилжих шөнө цас орж, 7, 8-нд өдөртөө ялимгүй цас орно. 9-нөөс цас орохгүй. Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй. Нийт нутгаар болон Улаанбаатар хотод хүйтрэх төлөвтэй байна. 7-8-нд шилжих шөнөөс эхлэн хүйтэрч, шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтэрнэ. Иймээс иргэдийгээ аюулгүй байдлаа хангаж, дулаан хувцаслаж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа