Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын ерөнхий инженерүүдийн шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд 43 байгууллага цахимаар оролцож 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох үүрэг даалгавруудыг өгөв.

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалтын 603, техник зохион байгуулалтын арга хэмжээ /ТЗБАХ/-ий ажил 508, нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дунджаар 67.5 хувь, санхүүжилт 44.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

1. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын 2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах их засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний ажлуудыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд өвлийн ачаалал эхлэхээс өмнө дуусгах, ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарах, гүйцэтгэлийн тайланг хоёр долоо хоног тутамд Эрчим хүчний яаманд ирүүлэх;

2. 2020-2021 оны өвлийн их ачааллын горимын саналаа “ДҮТ” ХХК-тай зөвшилцөх, “ДҮТ” ХХК ирүүлсэн саналыг хянаж, өвлийн их ачааллын горимыг эх үүсвэрүүдэд хийгдэж буй төсөл хөтөлбөрийн ажлын явцтай уялдуулан, зөв оновчтой төлөвлөх;

3. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад болон дотоодын зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн ажлуудыг яаралтай дуусгах, өвлийн ачаалал эхлэхээс өмнө залгах, ашиглалтад оруулах;

4. Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд авахад бэлэн нүүрсний нөөцийг төлөвлөгдсөн хэмжээнд барьж ажиллах;

5. Дулааны цахилгаан станц, дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөцийг батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх;

6. Цахилгаан эрчим хүч түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өөрийн эзэмшлийн шугам, дэд станцуудад үзлэг үйлчилгээг хийх, ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлэх, шаардлагын дагуу арга хэмжээг тогтоосон хугацаанд аваагүй бол цахилгаан хангамжийг түтгэлзүүлэх;

7. Эрчим хүчний сайдын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаар тушаалаар баталсан “Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам”-д заасны дагуу гамшиг, осол, аваар, саатлыг мэдээллэж ажиллахыг тус тус үүрэгдлээ.

2020-2021 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хүндрэлгүй даван туулахын тулд “ДЦС-4” ТӨХК-ийн турбогенератор 2, 3-ийг шинэчилж 46 МВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн 35 МВт-ын өргөтгөлийн ажлууд болон бусад үйлдвэрүүд, дамжуулах түгээх сүлжээний засвар шинэчлэлтийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ЭХЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа