Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 1-ний өдөр үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян,
Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.
Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Энэхүү хүнд хэцүү цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.
Энэ их зардал, мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахиц дэвшил гарч, хүн төрөлхтний хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.
Эх байгаль, хүн төрөлхтөн зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Та бид хэзээ ч мартаж болохгүй.
Эрхэм хурлын дарга аа,
Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх дэлхийтэйгээ зохицон амьдрах, онгон дагшинаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай.
Орчин үед техник технологи эрчтэй хөгжиж, хүний амьдралд гүн гүнзгий нэвтрэхийн хэрээр бидний үр хүүхэд амьд байгалиас алсран холдож байна.
Иймээс бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр өөр өөрсдийн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний амжилтын түлхүүр нь хүн бүрийн зөв хандлага, идэвхтэй оролцоо, улс үндэстэн бүрийн хичээл зүтгэл, үүрэг хариуцлага, улс төрийн манлайлал юм.
Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам багасаж, нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг НҮБ-ын сүүлийн үеийн судалгааны тайланд анхааруулсан байна.
Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн тодорхойлсныг бид анхаарч үзэх учиртай.
Дэлхийн улс орнууд эх дэлхийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж, хүсэл зорилгоо хамтатган, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадах аваас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит биеллээ олж, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэглээ болон замхрахаас сэргийлж чадна.
Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Ногоон таксономи” зэрэг баримт бичгүүдийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн баталсан дэлхийн анхдагч улсуудын нэг болсон.
Энэ хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.
Тиймээс энэ удаагийн бага хурлаас гарах “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“ санаачилгуудыг Монгол Улс сайшаан дэмжиж, нэгдэн орж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Цаашлаад дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтоо ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнд хүрэх асуудал нэн чухал байгааг цохон тэмдэглэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас 2022 онд гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд охид, эмэгтэйчүүд илүү их өртөж байна хэмээн дурджээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна.
Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна.
Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улс дэлхийн улс орнуудын хамтаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Сэтгэгдэл