Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов
Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн Шадар Сайд Тео Чи Хин болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйл буюу Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, НҮБУАӨСК-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх томоохон хэрэгсэл болох нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Хоёр улсын нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах санаачилга нь 2022 онд болсон Оролцогч талуудын 26 дугаар бага хурлаар гарсан ба тус санаачилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын санамж бичиг” 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байдаг.
Оролцогч талуудын 27 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн шадар сайд Тео Чи Хин энэхүү хоёр талт хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын чиглэлээр талууд харилцан ашигтай байх зарчимд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж, өөрсдийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн уулзалтын үеэр хоёр талт хамтын ажиллагааны эхлэл болох “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг ойрын хугацаанд хэлэлцүүлэн батлах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, салбаруудыг тогтохоор тохиролцов.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр Улсын Засгийн газрууд эрчим хүч, хөдөө аж ахуй, газар ашиглалт зэрэг голлох салбаруудад Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн, мэдээлэл, мэдлэг, шилдэг туршлага солилцох, түүнд тулгуурласан ногоон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, техникийн болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
Эх сурвалж: БОАЖЯ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл