Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

Аймгийн нийт нутгаар 10 дугаар сарын сүүлчээс эхлэн цаг агаар ойр ойрхон муудаж, арванэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу тунадас орсон, агаарын температур хэлбэлзэл ихтэй. Энэ сараас эхлэн эрс хүйтэрсэн, салхины хүч зарим үед ихэнх нутгаар 10-14м/с, түр зуур 16-28м/с хүрч, цасан шуурга шуурсны улмаас цас хөрлөн хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч, зам даваа хаагдах нөхцөл байдал бүрдсэн байна.

Нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ.

Тиймээс тус аймагт Улсын нөөцөөс 495 тонн хивэг тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Мөн эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин болоод аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа