- Сэтгүүлч
- 2023/12/21
- 150
ЗГ: Малын тэжээлийн экспортыг зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
Монгол орны нийт нутгаар арваннэгдүгээр сарын 01-нээс 12-р сарын 8 хүртэл нийт дөрвөн удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Их хэмжээний цас орсны дараа нийт нутгаар дулаарч, эргэж хүйтэрсний улмаас цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтон бэлчээр дарагдсан байна.
Танилцуулгатай холбогдуулан малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа.
Мөн нөхцөл байдал хүндэрч отор, нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож, бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Санал болгох
-
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, н...
Сэтгэгдэл