- Сэтгүүлч
- 2023/12/28
- 218
“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл замын бүтээн байгуулалт хийнэ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбогдох түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм. Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцөн газар чөлөөлж буй бөгөөд тус байршилд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:
-“Сентури Лэнд Марк” ХХК-ийн эзэмшлийн газраас дөрвөн метрийг татаж, газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг нь сунгаж өгөх санал тавьсан. Газар эзэмших эрхийг сунгахтай холбоотойгоор газрыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлээд байна. Үүнтэй холбоотой долоо хоногийн хугацаа өгсөн. Үүний дараа газар эзэмших эрхийн дагуу хашаагаа татахгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна. Зүүн талын гурван аж ахуйн нэгжид мөн адил мэдэгдэл хүргүүлсэн, түр хашаа байсныг бүгдийг буулгасан. Буулгах явцад гаргасан хогоо цэвэрлэн, явган хүн, автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэ бол түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй холбоос зам. Ажлуудыг шуурхайлахад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, хяналтаа тавих хэрэгтэй. Дулааны улирал эхлэнгүүт замын хучилтыг хийнэ. Гэхдээ тэрийг хүлээхгүйгээр тэмдэг, тэмдэглэгээг тавих хэрэгтэй” хэмээсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, н...
Сэтгэгдэл