2024 оны нэгдүгээр сарын 05-наас 07-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1225 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна. Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 267, цана чарганаас унаж гэмтсэн 47 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан аж.

Өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сарын 05-наас 07-ны хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 219, цана чарганаас унаж гэмтсэн 61 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:

▪️ 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3749,
▪️ 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 4945 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байгаа аж. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа