Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот орчмын 15 чиглэл, дунд оврын автобус үйлчлэх таван чиглэлийг хэвээр үлдээлээ. Тус чиглэлүүд нь нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх бөгөөд 625 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээж байгаатай холбогдуулан тус чиглэлүүдийн мэдээллийг Imap.mn системд оруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар шинэ чиглэлүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэг автобусны буудалд 28 чиглэлийн автобус давхцаж ирдэг байсан. Маршрутын давхцалын ард ашиг сонирхлын зөрчил ч үүсдэг. Нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчлэхэд дан ганц парк шинэчлэл, маршрутын өөрчлөлт хийх нь хангалтгүй юм. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохоор ажиллаж байна. Учир нь тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний байгууллагын ажилтан, оршин суугчид бүтэн өдөржин машинаа тавьж, зогсоолын сэлгэлт хийх боломжгүй болгодог. Мөн төв зам дагуух карма зогсоолоос үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаагаад байна гэв.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын автомашины тоо 612 мянга болж нэмэгдсэн ч авто замын сүлжээ 1.8 хувиар өссөн. Тээврийн хэрэгслийн тоо өсөхийн зэрэгцээ зориулалтын зогсоолын хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сул чөлөөтэй талбай, явган зам, авто замын зорчих хэсгийн хажууд болон нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглаж, хөдөлгөөнд саад учруулан, замын хөдөлгөөний ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Хаасан авто зогсоолуудын оронд ногоон байгууламж байгуулна. Учир нь автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Тиймээс авто зам, явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар зорьж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ бүрэн чөлөөлөгдөж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа