Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Санал болгох
-
АНУ-ын Миннесота мужийн 30 гаруй усан хангамжийн систем долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд кибер халдлагад өртжээ. Холбооны мөрдөх товчоо халдлагын эх үүсвэри...
-
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв н...


Сэтгэгдэл