Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт боллоо
БШУЯ-наас “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийг хийлээ.
Энэхүү арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” төслийн зөвлөх Др.Ражу Варанаси болон боловсрол, мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд оролцов.
БШУЯ-наас Боловсролын салбарын дижитал шилжилтийн санаачлагыг өргөн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд тус нээлтийн үеэр салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилго бүхий цахим систем хөгжүүлснийг олон нийтэд танилцуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачлагыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм
Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаардлагдмал, ашиглалт хангалтгүй байв. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байгаа юм.
Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болж байна.
Улмаар бусад салбаруудтай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам боллоо.
Цаашдаа энэхүү хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглаж буй бөгөөд боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх юм.
Эх сурвалж: БШУЯ
Сэтгэгдэл