Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшнээс давсан сайн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой 2024 оны нэгдүгээр улирлын макро эдийн засгийн гүйцэтгэлийн талаар ярилцлаа.
-2023 оны хувьд уул уурхайн жил болж, эдийн засаг эргэн сэргэлээ. Тэгвэл 2024 оны эхний улиралд эдийн засаг ямар байна вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхий дахин эдийн засаг, санхүүгийн хувьд тааварлахын аргагүй олон сорилтуудтай тулгарлаа. Манай улсад эдгээр сорилтууд бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад илүү хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна. Гэсэн хэдий ч Засгийн газар цаг тухайд нь оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд бид эдгээр сорилтуудыг амжилттай давж гарлаа.
Тухайлбал, Засгийн газар хил, гааль, тээврийн асуудлуудыг шийдвэрлэж, томоохон төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулсны үр дүнд өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тн нүүрс экспортоллоо. Үр дүнд нь эдийн засагт эерэг дохио болдог төсөв, төлбөрийн тэнцлийн хос ашигтай гарч, валютын нөөц 5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Цаашилбал, инфляц зорилтот түвшинд хүрч тогтворжин, эдийн засаг 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны хувьд, эхний 2 сарын байдлаар уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ зэрэг салбарын өсөлтийн нөлөөгөөр, эдийн засаг 7.8 хувийн өсөлт үзүүлсэн.
Мөн нэгдүгээр улирлын байдлаар, экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, гадаад валютын нөөц 5.2 тэрбум долларт хүрлээ. Түүнчлэн, төсвийн орлого өмнөх оноос 2.5 их наяд төгрөгөөр өсөж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна.
-Эдийн засгийн үзүүлэлтүүд эхний улиралд эерэг гарсан ч гадаад худалдаа буурсан байна. Үүнд юу голлон нөлөөлөв?
-Эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны ашиг 1.2 тэрбум ам.доллар гарч өмнөх оноос 31.9 хувь буурсны гол шалтгаан нь импортын дүн өмнөх оноос 25 хувиар өсөж 2.4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Нэг талаараа импорт өсөж байгаа нь дотоодод эдийн засгийн идэвхжил сайн, хэрэглээ нэмэгдэж байгааг илэрхийлдэг.
Мөн экспорт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны түвшнээс 2.9 хувиар буурсан байна. Манай улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, 14 хувийг зэсийн баяжмал, 2 орчим хувийг цайрын баяжмал бүрдүүлдэг. Эхний улирлын байдлаар цайрын баяжмал, нүүрсний экспорт буурсан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой. Хэдийгээр бид нүүрсний биет хэмжээг өмнөх оноос 4 сая тонноор өсгөж, оны эхнээс 18 сая тн нүүрс экспортолж чадсан боловч Ганцмод боомтын үнэ тонн тутамд 193 ам.доллар болж өмнөх оноос 37 доллараар бага байгаа нь нүүрсний экспорт буурах шалтгаан болсон.
-Нүүрсний үнийн бууралтыг хэрхэн харж байгаа вэ? Цаашид үнийн талаар та ямар таамаглалтай байна вэ?
-Ерөнхийдөө манай коксжих нүүрсний үнэ нь БНХАУ-ын гангийн эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой гэж ойлгож болно. Өнгөрсөн 3 сарын хугацаанд БНХАУ-ын гангийн зах зээл уналтад орж, тус улсын дотоодын коксжих нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн эрэлт суларснаар коксжих нүүрсний үнэ буурахад хүрлээ.
Хэдийгээр Ганцмод боомтын коксжих нүүрсний үнэ 3 дугаар сарын дунджаар 1,399 юань буюу 193 ам.доллар болж буурсан боловч Ковид-19 цар тахлын өмнөх үе болох 2019 оны мөн үеэс 33 хувиар өндөр байгааг дурдах нь зүйтэй.
Олон улсын байгууллагуудын төсөөллөөр нүүрсний үнэ цаашдаа тодорхой хэмжээгээр буурах хандлагатай ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч БНХАУ-ын эрчим хүч, гангийн хэрэгцээ болон түүхий эдийн эрэлт өндөр хэвээр байхаар байна. Иймд нүүрсний үнэ буурсан ч биет хэмжээ буурахгүй гэж харж байна. Үүнээс гадна БНХАУ-ын гангийн эрэлт энэ оны 4 дүгээр сарын дунд үеэс сайжирч байгаа нь коксжих нүүрсний үнийг тогтворжуулж, ойрын хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг Sxcoal онцолсон.
-Та сая БНХАУ-ын гангийн эрэлт сайжирч байгаа талаар дурдлаа. Гэтэл зарим эдийн засагчид тус улсын эдийн засгийг төдийлөн сайжрахгүй байна, тодорхой эрсдэлүүд байна, үүнээс шалтгаалаад манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эрсдэл учирч болзошгүй гэж үзэж байна?
-Бид БНХАУ—ын эдийн засгийн нөхцөл байдал, дотоодод нь өрнөж буй нийгэм, улс төрийн үйл явдал, болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг тогтмол ажиглаж, судалгаа хийдэг. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь гэж танилцуулсан нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон. Үүнд цахилгаан машины үйлдвэрлэлтэй холбоотойгоор аж үйлдвэрийн салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Энэхүү тоон мэдээлэл зарлагдсаны дараагаар “Goldman Sachs”, “Citigroup” зэрэг олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн 2024 оны төсөөллийг шинэчилж, 5.0 хувь болгон нэмэгдүүлсэн юм.
Мөн өнгөрсөн 3 дугаар сард БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын үеэр ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, техник технологид суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь түүхий эдийн зах зээлд эерэг мэдээ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан машин, хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдаа ч үргэлжлэн өсөн нэмэгдэхийг илэрхийлж байна. Тэдгээр бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь зэс, ган учир манай түүхий эдийн экспорт тогтвортой байх дохиог өгч байна.
-Хэдийгээр нүүрсний үнэ буурч байгаа ч нөгөө талаас зэс, алтны үнэ харьцангуй өсөлттэй байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Энэ оны эхний улиралд зэсийн үнэ дунджаар 8,300 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан. Харин 4-р сарын 22-ны байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж дээрх зэсийн үнэ 9,815 ам.доллар болж сүүлийн 2 жилийн дээд хэмжээнд хүрээд байна. Үүнд БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн 3 дугаар сарын сүүлээс БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нийлүүлэлтээ бууруулах болсон нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Улс орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгаа дэмжих бодлого болон цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтэд эергээр нөлөөлж, цаашдаа зэсийн үнэ тогтвортой хадгалагдах төсөөллийг олон улсын байгууллагууд гаргаж байна.
Харин алтны тухайд Ойрх дорнод болон зүүн европ дахь геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх болсон нь алтны үнийг өсгөж, дөрөвдүгээр сарын 18-нд үнэ 2,417 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өсөөд байна. Алт нь хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэгддэг тул алтны үнэ өсөх нь эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байгаа дохио гэж шинжээчид хардаг. Иймд бид гадаад орчны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тооцоо, судалгааг тогтмол хийж байна.
-Манай эдийн засагт уул уурхайн салбарын өсөлт үргэлжилж байна гэж та ярилаа. Тэгвэл энэхүү өсөлт нь төсвийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?
-Уул уурхайн салбарын орлого АМНАТ болон бусад татварын орлогуудаар дамжин манай төсвийн орлогын 30 хүртэлх хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Тухайлбал 2023 онд АМНАТ-ын орлого 4.2 их наяд төгрөгт хүрч дангаараа төсвийн орлогын 17 хувийг бүрдүүлсэн. Харин 2024 онд бид АМНАТ-ын орлого 4.5 их наяд төгрөгт хүрнэ гэж төлөвлөснөөс эхний улирлын байдлаар аль хэдийн 1.5 их наяд төгрөгийг бүрдүүлээд байна.
АМНАТ-ын орлогоос гадна энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 90 хувиар, НӨАТ-ын орлого 30 хувиар, НДШ-ийн орлого 10 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Эдийн засаг идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч голлох татварын орлогууд өсөж байгаатай холбоотойгоор 2024 онд төлөвлөсөн нийт татварын орлогын 30 орчим хувь нь мөн бүрдээд байна. Улмаар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
-Эдийн засаг, төсвийн энэхүү өсөлт тэгвэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлээд, бизнесийн идэвхжил нэмэгдээд ирэхээр ажил эрхлэлт, цалин нэмэгдэж, улмаар иргэдийн амьжиргааг дэмжих суурь нөхцөл болдог. Үүнийг 2023 оны гүйцэтгэлийн тоо мэдээнүүдээс харж болж байна.
Нэгдүгээрт, Сангийн яам аж ахуйн нэгжүүдийн 2023 оны санхүүгийн тайланг цахим тайлангийн системээрээ авч, тодорхой тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд цахим тайлангийн систем дэх бизнесийн байгууллагуудын хөрөнгө өмнөх оноос 22 хувиар, цэвэр ашгийн хувь 11.2 хувьд хүрч өсөн цах тахлын өмнөх өсөлтийн түвшинд хүрсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын 2023 оны татвар төлөлтийн тайлангаас харахад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 8 хувиар өсөж, үүнээс 6 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 27 хувиар, 1.5-6 тэрбумын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 19 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлд нийт ажиллагчдын тоо 38.6 мянгаар өсөж 1.2 саяд хүрчээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо ч мөн 33 мянгаар өсөж 730 мянга хүрсэн бөгөөд дундаж цалин нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ажил эрхлэлт өссөн, бизнесийн ашигт ажиллагаа сайжирсан, ажилчдын дундаж цалин нэмэгдсэн нь иргэдэд эдийн засгийн өсөлтийг бодитой хүргэх, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх гол суваг болж байна гэж үзэж байна.
-Сүүлийн жилүүдэд инфляц гол сорилт байлаа. Үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас тодорхой ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд үүссэн сорилтууд нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хөөрөгдөж 2022 оны 6 дугаар сард манай улсын инфляц 16.9 хувьд хүрсэн. Тус инфляцын задаргааг харвал 9.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байсан. Өөрөөр хэлбэл манай улсад импортоор орж ирж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь инфляцын суурь шалтгаан болж байв. Тиймээс үнийг тогтворжуулахын тулд Засгийн газраас гаалийн албан татварыг хөнгөлөх, нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэх зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлснээр инфляц аажмаар саарч 2024 оны 3 дугаар сард 7 хувьтай гарлаа.
Хэдийгээр импортын гаралтай инфляц буурсан боловч дотоодын хүнсний бүлгийн үнийн өсөлт өндөр хэвээр байна. Үүнд хамгийн гол нөлөө үзүүлсэн нь гурил болон махны үнэ байгаа юм. Тухайлбал, 2024 оны 3 дугаар сард үхрийн махны үнэ өмнөх оны мөн үеэс 15, дээд гурилын үнэ 14 хувиар тус тус нэмэгдсэн байна. Иймээс Засгийн газар гурил, махны үнийг бууруулах чиглэлд ажиллаж байна.
-2024 оны эхний улиралд нэгдсэн төсөв 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн, валютын ханш, инфляц тогтворжсон зэрэг эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг дүр зурагтай гарсан талаар та хэллээ. Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ямар байгаа вэ?
-Энэ оны үлдсэн хугацаанд гаднаас гэнэтийн томоохон шок үүсэхгүй бол эдийн засгийн өсөлт хадгалагдаж, 6 орчим хувиар өсөх төлөвтэй байна.
Засгийн газар ирэх 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулаад байна. Хуулийн хугацаагаар тавдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барих ёстой бөгөөд төсөлд Шинэ сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 7-8 хувьд хадгалах боломжтой гэж тооцож байна. Үүнд уул уурхай, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлөх бөгөөд дотоодын худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өсөлтийг дэмжинэ гэж төсөөлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Сангийн яам
Сэтгэгдэл