-Та манай үзэгч, сонсогчдод өөрийгөө танилцуулна уу.
Тэгэлгүй яахав. Намайг Гонгорын Дамдинням гэдэг. 1982 онд Дархан хотод төрсөн, одоо 42 настай. Эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг.
-Аль нутгийн хүн билээ та чинь?
Би аавынхаа талаар бол Увс аймгаас гаралтай хүн. Ээж талаараа бол Ховд аймгаас гаралтай. Тэгээд манай аав ээж хоёр Дарханы анхны бүтээн байгуулалтад илгээлтийн эзэд болж, жараад оны эхэнд ирж суурьшицгаасан. Би бага хүү нь.
10 жилдээ аль сургуульд суралцсан бэ?
Би нэгдүгээр ангидаа Дархан хотын нэгдүгээр 10 жилийн сургууль гэж явдаг гэр хороололд байдаг сургууль. Тэнд сурч байгаад 95-аас 96 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн сургуульд очиж сурч төгссөн. Улмаар манай гэр тийшээ нүүсэн юм. Тэгээд эргэж ирээд тэнд нэг жил сууж 8 дугаар ангиа төгсөөд эргэж Дархандаа ирээд долоодугаар сургуулийг төгссөн.
Бага нас бол бараг л хөдөө өссөн байж болохоор байна тийм ээ?
Тийм. Гуравдугаар ангиас хойш үндсэндээ зун болгон Увс руу явдаг байлаа. Ихэнхдээ хонь хариулж л зуныг өнгөрөөдөг байсан шүү дээ. 10 дугаар ангиа төгсөөд хүссэн сургуульдаа орж чадаагүй нэг жил өнжихдөө Увсад хонь хариулаад л бүтэн жил болж байсан.Ер нь бол адуу малдаа явчихна, хонио гаргаад идчихнэ.
Намайг багад минь Чимээсэг гэж нэрлэдэг байсан.Хүүхэд байхдаа их ороодог хүүхэд байсан юм билээ. Тэгээд л ээж аав маань миний нэрийг сольсон. Дамдинням гэдэг нэрийг надад анх өгчихсөн, миний том ахыг Дамдинхүү, дараачийн ахыг Нямсүрэн гэдэг байсан юм. Ах маань өөд болчихсон л доо хөөрхий. Намайг 7 дугаар ангид байхад өөд болчихсон юм.
Ах өөд болсон учраас аав ээж маань ах дүүгээ бараадаж Увс руу нүүсэн юм. Тэгээд 2 ахын маань эхний нэрийг нэг үеийг надад өгтөл хүндэдсэн л гэж ярьдаг юм. Ингээд миний нэрийг Чимэддорж гэж нэрээр сольсон. Чимэддорж гэдэг нэр нь манайхны удмын их том лам хүн байсан. Том болоод сургуульд орохоор нь өөрийнх нь үндсэн нэрээр дуудаарай тэр болтол Чимэддоржоор нь дуудаарай гэсэн байгаа юм.
Чимэддорж гэдэг нэр нь Чимээсэг гэдэг нэрээр л өхөөрдөгдөөд дуудагдах болсон юм. нэгдүгээр ангид орохдоо намайг Дамдинням гэхэд эргэж хардаггүй байсан шүү дээ.
-Таны хамгийн дуртай спорт юу вэ? 3х3 дээр ихэвчлэн харагддаг.
Тийм, та шууд хэлчихлээ л дээ. Сагсан бөмбөг. Би өөрөө их сайн тоглодоггүй. Бас мэдээж үндэсний бөхөд дуртай. Манай удам бол ер нь тэр чигтээ л бөхчүүд.
Би ер нь спортод дуртай, хожим сагсан бөмбөгийн спортыг найзуудтайгаа нийлж дэмжиж байгаа. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр миний найзуудтайгаа хамт үүсгэн байгуулсан эмэгтэйчүүдийн анхны мэргэжлийн баг байдаг. Улаанбаатар Амазонс гэж багийг 18 оны сүүлээс эхлээд одоо болтол дэмжээд явж байна. Манай баг Үндэсний лигийн аварга болсон, зүүн Азийн наадмын мөнгөн медаль авсан, бас Азийн аваргаас анх удаа хүрэл медаль авлаа. Монголын олимпизмын түүхэнд манай баг анх удаа багийн төрлөөр Монгол Улсаас орсон. Энэ спортод их хайртай, их ч цаг зарцуулдаг бас дэмждэг.
-Тэр алтан бөгж нь нээрээ ямар учиртай юм бэ. Тэр нэлээн шүүмжлэл дагуулаад байх шиг байна.
Яах вэ зүгээр, хүн мэдэхгүй юмандаа мэдээж шүүмжлэлтэй хандах байх. Улаанбаатар Амазонс гэж эмэгтэй шигшээ баг Үндэсний лигт түрүүлсэн юм. Лиг гэдэг нь одоо Монголын бүх шилдэг багууд товлоод түрүүлж байгаа тэмцээн. Хагас жилийн турш үргэлжилдэг ийм уралдаанд түрүүлсэн багийн бүх бүрэлдэхүүнд, тамирчдад, дасгалжуулагчдад, арын албаныхан бүгдэд нь аваргын бөгж өгдөг юм. Монголын номер нэг баг гэсэн утгатай лигийн аварга гэсэн бөгжийг зүүнэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Тэр бол аваргын бөгж юм. Бахархал гэсэн үг.
Алт биш юм уу?
Үгүй, үгүй. Тэр бөгжөөрөө онгирохдоо биш тэр бөгжийг авч чадаж байгаа багаараа л бахархах асуудал.
Таны аав их сайхан бөх хүн байсан юм байна лээ. Гонгор заан гэдэг нэрээр нь энэ Увс, Дархан, Сэлэнгийнхэн анддаггүй, их ам сайтай ярьдаг юм билээ. нэгдүгээрт их сайхан бөх байжээ, 2-т бөхийн удмын хүн байна даа, сайхан ноцолдох байлгүй дээ яадаг юм бол?
Аав маань 2010 онд өөд болсон жолооч хүн байсан. Дарханы цементийн завод үйлдвэр дундын авто бааз гээд энд газруудад жолооч байсан. Манай тэжээл тээврийн социализмын үеийн жолооч нар ер нь бүгд мэддэг. Аав маань Дарханд анх цэрэгт ирээд цэргийн заан болоод, дараа нь аймгийн заан болсон. Их цайлган сэтгэлтэй, их бэлгэшээлтэй хүн байлаа. Намайг миний хүү хожим их том хүн болно доо гэж ярьдаг байсан. Тэгээд л одоо удмаасаа анхны л төрийн түшээ болж гарч ирж байлаа.
Мөн аав маань нэг шүдээ зуугаад зүтгэвэл хүрч чаддаг, заавал ард нь гардаг хүн байсан. Би хүүхэд байхдаа барилдаж үзэж байсан. Энэ бол миний ажил биш юм байна гэж ойлгосон.
Улсын баярын хүүхдийн наадамд барилдаж л байсан. Тэгээд ер нь хүүхэд байхдаа ойлгосон. Энэ миний ажил биш юм байна. Өөр ажил хийх ёстой гэж би ойлгосон.
-10 жилдээ дэггүй хүүхэд байв уу эсвэл бүүр тийм нийгмийн идэвхтэй бүүр нэг сэнтэг гэж ярьдаг шүү дээ тийм хүүхэд байв уу?
Энэ их сонин. Би чинь одоо 1-ээс 7 дугаар ангидаа Дарханы нэгдүгээр 10 жилийн сургуульд сурсан. Тэнд бол одоо гэр хорооллын хүүхдүүд ямар байдаг вэ? ангийнхаа банди нартай нийлээд л сахилгагүйтээд л, хувцсаа бараад л, баавгайн чих тоглоод л, шавраар байлдаад л, чулуугаараа байлдаж толгойгоо хагалцгаагаад л гүйж байдаг л хүүхэд. Тэгэхдээ би багшаасаа их юм асуудаг нэлээн онц сурах маягийн хүүхэд байсан.
Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн сургууль гэж байсан. Тэнд очиж 8 дугаар ангиа төгссөн, хотод явж байсан хүүхэд чинь гэв гэнэт тэнд очоод үстэй дээл өмсөөд монгол гутал өмсөөд, ангидаа хичээлээ бичихээр бал нь хөлдөөд л гэх мэт өөр орчинд очсон. Хагас сайн өдөр болохоор түлээ хөрөөдөөд, нөгөөдхөө хагалж ангийнхаа 7 хоногийнхоо хэрэгцээг хангадаг. Гэрийн даалгавраа хийгээгүй хичээл таарах юм бол нойтон мод авчирч ангийнхаа зуух руу хийгээд ангиа нэл утаа болгоод цонхлуулах жишээний. Яах вэ тэр үед орчин их солигдож байсан байна шүү дээ.
Дараа нь хотын хүүхэд чинь хөдөө бүүр сумын хүүхэд болчихсон. Тэгсэн хөөрхий аав ээж 2-ын хувьд миний дээр байсан ах маань өөд болоод их хүнд жилүүд байсан. Яах вэ тэгээд ах дүүгээ бараадаж очсон л доо.
Тэр нь ч хэрэг болсон байх гэж боддог. Тэгээд 9, 10 дугаар ангиа Дарханд ирж 7 дугаар сургууль төгссөн. Манай ангийнхан, сургуулийнхан Увс аа гэж дуудаж дооглоно оо бас. Хүүхдүүд л болсон хойно тэр үед иймэрхүү зүйл байлгүй лд яахав. Тэгээд л 9, 10 дугаар ангидаа бол даруухан онц сурдаг л хүүхэд байсан. Яг их айхтар тийм сахилгагүй байгаагүй ээ.
Дунд сургуулиа төгсөөд аль их, дээд сургуульд оров?
10 жилээ төгсөөд би конкурс өгсөн юм. Уг нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд орох зорилготой. Тэгсэн яг миний урдуур улаан шугам тасраад өөр сургуульд орох болсон.
Хүний хувь заяа их сонин юм байна лээ. Тэгээд би чинь олдсон сургуулиа голдог баатар болоод шууд Увс руу яваад хонь хариулаад бүтэн жил аав ээж хоёртойгоо нэг жил өнжсөн юм.
Өөрийгөө залхаан цээрлүүлж байгаа юм уу?
Тийм. Өөрийгөө залхаан цээрлүүлж байгаа юм. Уг нь цэрэгт явчихъя гэж бодсон. Гэтэл цэрэг татлага дуусчихсан байсан. Уг нь их онц сурч байсан хүн шүү дээ. Аав ээж 2 маань ч их итгэж байсан.
Ингээд дараачийн жил болтол нь гүрийж байгаад конкурсээс 1, 2 сарын өмнө ирээд ах эгч хоёрынхоо түрээсийн байранд бэлдэж эхэлсэн. Удалгүй шалгалт аа өгөөд МУБИС-ийн Нийгэм судлал эрх зүйн ангид орсон. Хувь заяан нэгэнт тийшээ ор гээд байгаа юм чинь орно шүү дээ.
Сургуульд эрх зүйн анги анх нээгдэж байсан үе л дээ. Сургуульдаа ороод оюутны холбооных нь дарга нь болоод оюутны үйл ажиллагаанд оролцоод МОХ-нд ороод ингээд цаашаагаа МАН-ын дэргэдэх оюутны холбоо руу ороод ингээд зам нь шулуудаад явчхаж байгаа юм. Нэлээн нийгмийн идэвхтэй оюутан байсан.
МУБИС намайг элсэж орж байх үед бол Багшийн их сургууль байсан одоо Боловсролын их сургууль болсон. Энэ сургуулиас улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан дараа нь Канад улсын Бритиш Колумбын Их сургууль гэж дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэг байгаа. Уурхайн чиглэлээр хамгийн мундаг нь. Энэ сургуульд докторын зэрэг хамгаалах горилогч болчихсон явж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг албан ёсны хамгийн төгсгөлийн хавтас нь бол магистр гэсэн үг л дээ.
Таны саяын ярьдаг нөгөө Канадын сургууль гээд байгаа шүү дээ энэ чинь Боловсролын зээлийн сантай холбоотой сургууль нь мөн үү?
Мөн байлгүй яах вэ,
Докторын зэргээ хүртэл Боловсролын зээлийн сангаас авсан байна гээд байгаа шүү дээ?
Үгүй ээ, энэ нэг ийм юм болсон юм. Нэгдүгээрт бол тэр худлаа мэдээлэл. Тэр сургууль жишээ нь доктортоо төлбөр авдаггүй. Боловсролын зээлийн сан нэгэнт асуусан тэрийг бас хэлчихье гэж бодож байна. 2012 онд МАН ялагдсан 12 онд. АН сонгуульд ялаад тухайн үед ажил хийж байсан бүх хүнийг шалгахыг нь шалгаад л ажлаас халахыг нь халаад л явж байсан.
Бид бүтэн халагдчихсан. Тэгээд манайх 4 хүүхэдтэй байсан үе, тэгээд эхнэр маань бас ажил хийдэг байсан. Ер нь амьдралдаа нэг эргэлт хийе гэж шийдсэн. Аав маань болбол намайг боловсролыг л их сайн эрхэмлэж яваарай гэж их захидаг хүн байсан.
Дэлхийн шилдэг сургуулийг төгсөх зорилготой ерөөсөө гадагшаа явж суръя гэж шийдээд, англи хэлдээ бэлдэж эхэлсэн. Удалгүй шалгалтаа өгөөд нөгөө сургууль руугаа хандсан. Тэнд чинь элсэнэ гэдэг чинь тийм амархан ажил биш шүү дээ. Мөнгөтэй байгаад нэмэргүй, нөлөөтэй байгаад ч нэмэргүй. Удалгүй тэндээс урилга ирсэн.
Лу.Гантөмөр сайд байсан үе. Боловсролын яаманд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авъя аа гэж хандсан. Тэгээд л шалгуурт нь тэнцээд л явсан шүү дээ. ярилцлагад нь ороод, бүх материалуудыг нь бүрдүүлээд л авч байсан.
Тэр үед үүрэг даалгавар нь юу байсан бэ гэхээр дэлхийн шилдэг сургуульд элсэх, онц сурах, төгсөх, төгсөөд заавал эргэж ирээд дипломоо өгөөд баталгаажуулах, Монгол Улсад 5 жил ажиллах НДШ-тэй. Ийм нөхцөлтэй байсан шүү дээ.
Би тэр гэрээг нь биелүүлсэн. Би яг өртэй юу өртэй бол би төлье гэж хэлсэн. Тэгсэн та төлбөр тооцоогүй л гэсэн. Тэгэхдээ би чөлөөлөгдөөгүй байгаа. Чөлөөлсөн гээд л хүмүүсийн нэр яваад байсан шүү дээ, би тэнд бол байхгүй, шалгуулж байгаа.
Мөнгөн дүн нь хэд хэдэн төгрөг вэ?
32 мянган доллар буюу 100 орчим сая төгрөг байдаг.
Эргэж ирээд Монголдоо ажиллаж байгаа гэдэг нөхцөлөөрөө л уг нь явж байгаа юм байна тэ?
Боловсролын зээлийн сан надад, та ямар ч төлбөр тооцоогүй ээ гэдэг бичгээ аль эрт өгчихсөн юм. Одоо нийгэмд явж байгаа шүүмжлэл их зөв.
Юу вэ гэхээр одоо дарга цэрэг байж байгаад эсвэл дарга цэргийн хүүхдүүд ингээд журам хууль зөрчөөд авчихсан гэх мэдээлэлд ойр байгаа давуу эрхээ ашиглаж байна шүү дээ. Би тэр үед улс төрийн нөлөөлөл ч байсангүй, миний харьяалагддаг нам ч байсангүй. Тэр үед чинь бид нарыг бүх талаар нь л дарамталдаг байсан үе. Миний амьдрал дээр байсан хамгийн зөв шийдвэр сурах л байсан даа.
Сая боловсролын багц хуулийг ахалж ажилласан. Сая боловсролын багц хуулийг ахалж ажиллахдаа энийг би бүүр бодон бодон янзалсан. Энэ журам нь их тодорхойгүй хууль нь их тодорхойгүй хийсэн юм билээ. Нэг жишгээр явчихдаг чөлөөлөөд яваад байдаг байсан, одоо бол чөлөөлөлт байхгүй.Хоёрдугаарт тэтгэлэг байж болно, бас зээл байж болно, хэдэн хувиар өгөхийг нь ЗГ-ын тогтоолоор журмаар шийднэ гэж хуульд суулгаад өгчихсөн.
Дээд боловсролын байгууллагын суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль гэж хуулиуд байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон, энэ завхрал байхгүй гэсэн үг.
Нэгэнт ам нээвэл уушги нээ гэж. Энэ хөтөлбөр ерээд оноос эхэлсэн . Бараг 20, 30 мянган залуу явсан юм билээ. Цаашид ч олон монгол залуу явах ёстой. Тэр жишээ нь надад мөнгө байхгүй, би сургуульдаа тэнцчихээд байдаг. Сурах потенциал байгаад байдаг төрийн дэмжлэг байгаагүй бол би өнөөдрийн Дамдинням байхгүй байсан. Миний амьдрал ер нь бол хоёр үетэй. Нэг нь Канад сургууль төгсөхөөс өмнөх үе нөгөөх нь төгсөсний дараа үе.
Би эрс өөр хүн болж эхэлсэн. Маш их баярлаж явдаг.
Хувь нэмрээ нийгэмдээ, улсдаа оруулчих юм сан гэж л зорьдог. Өөрийгөө өртэй гэж бодож явдаг ч, дотроо ач санаж явдаг.
-Алив бүхний эхлэл гэдэг зүйл сайхан. Таны ажлын гараа хаанаас эхэлсэн байдаг юм бол?
Гурвалжингийн гүүрний наад талд байдаг 44-ийн ачих буулгах гэдэг газар. Төмөр замын Ачаа модны зах. Тухайн үед тэнд модны палк буулгадаг ажлаас л эхэлсэн дээ.
Нэг жил сургууль өнжиж байхдаа хавар ирээд тэнд ачаа буулгадаг байсан. Цемент, палк зэргийг буулгадаг байсан. Бид нарыг ах нар “дусаал” гээд нэрлэчихнэ.
Жоохон хүүхдүүд болохоор тэр. Ах нар бол дөрвүүлээ нийлж байгаад 6 мянган төгрөг авдаг нэг вагон палк буулгадаг. 100 орчим палк ордог юм. Зарим дээр нь овоолчхоод мянга орчихдог юм. Тэгээд тэн дээр нь намайг оруулахаар би чинь жоохон өндөр хүүхэд байсан. Намайг оруулчихаар надад 3 мянгыг өгдөг. Ах нар 1, 1 мянгын ашигтай байхгүй юу. Тэгэхээр дусаал дусаалыг нь л авах нь байна шүү дээ. Тэгээд миний анхны орлого бол тэр.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим
Тууштай байх.
-Таны хамгийн нандигнадаг зүйл юу байх вэ?
Гэр бүл, эрүүл мэнд.
Таныг тодотгодог зан чанар юу вэ?
Нэг юм бариад авбал ер нь зогсдоггүй шүү дээ. Задалчихвал тэгээд л тэрэндээ л яваад байна. Түрүүн ярьж байсан юм бариад авбал ер нь манай удмынхан зогсдоггүй.
Таны хамгийн том ололт юу вэ?
Одоо хувь хүн талаасаа гэвэл одоо тэгээд гэр бүл маань л байна даа. Тийм бас боловсрол. Нийгмийн байр суурь байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Сэтгэгдэл