У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллалаа. Тус газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг улсын орлого болгосон байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ”, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцууллаа.
Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1.6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр цаг хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэв.
Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад улс руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа.
Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа.
Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв.
Хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Олон улсын шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын ажил, ялангуяа хөрөнгө буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бусад улс оронд туршлага болохуйц жишиг болж байгааг үнэлсэн байна.
Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьжээ.
Сэтгэгдэл