Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монгол Улсад суугаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.

Сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ, Азийн хөгжлийн банк хоорондын олон жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл болсон Дээд боловсролын шинэчлэл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн шинээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийг энэ сараас хэрэгжүүлж эхэлсэнд талархал илэрхийлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын зарим асуудлаар хамтын ажиллагааны санал тавив.

Сайд Л.Цэдэвсүрэнгийн зүгээс тавьсан, орон нутгийн дотуур байр, сургууль, цэцэрлэгийн модон жорлонг шийдвэрлэх асуудал, дэлхийд тэргүүлэх нэр хүндтэй эрдэм шинжилгээний цахим мэдээллийн сан, сэтгүүлүүдэд монгол судлаачдын бүтээлийг нийтлүүлэх зэрэг саналыг Ноён Павит Рамачандран хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын боловсролын салбар теле хичээлийг үндэсний хэмжээндээ амжилттай зохион байгуулж, эрсдэл тохиолдсон үед бэрхшээлийг даван туулах туршлага хуримтлуулж чадсанд баяр хүргэж, цаашид салбарт цахим шилжилт хийх, инновац нэвтрүүлэх санаачилгуудыг “Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд дэмжиж ажиллана гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа