Энэ онд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд гол дагуу нийт есөн байршилд далан засварлах, шинээр барих, хүчитгэх ажлыг хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар зургаан байршилд далан хүчитгээд байна. Үүний нэг болох Энхтайваны гүүрийн доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 80 хувьтай үргэлжилж байна. 

Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн оны долоо, наймдугаар сард болсон үер болон энэ зун орсон хэд хэдэн удаагийн усархаг борооны улмаас үерийн хамгаалалтын байгууламжуудад их, бага хэмжээгээр эвдрэл үүссэн. Энэ хүрээнд эрсдэл өндөртэй есөн байршилд далан засварлах, шинээр барих, хүчитгэх ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, өнгөрсөн онд болсон үерийн улмаас Энхтайваны гүүрний доор замын хоёр тийшээ ус хальж, нүхэн гарц усаар дүүрэн, автомашин живсэн хүнд нөхцөл үүсэж байсан. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийт гурван метр өндөр, 50 метр урт босоо түшиц хана цутгах зураг төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт ажлыг эхлүүлсэн юм” гэв.

Ойрын таван жилтэй харьцуулахад энэ өвөл халиа тошин үүсэх хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Хэрэв төлөвлөсөн байршлуудыг товлосон хугацаанд хийхгүй бол түүнээс ч олон байршилд халиа тошин үүсэх, хаврын шар усны үеэр эвдрэл улам бүр нэмэгдэх эрсдэл үүсэж буй. Үүнээс үүдэн үерийн хамгаалалтын байгууламжийг засварлан, шинэчлэхэд энэ онд суулгасан төсөвт өртөг 2-3 дахин нэмэгдэж болзошгүй. Иймд ойрын өдрүүдэд өдөртөө нэмэх хэмтэй байгаа тул төлөвлөсөн байршлуудыг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүрэн дуусгахаар шахуу хуваарийн дагуу ажиллаж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа