Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалах зорилготой.

Мөн журам батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрэлдсэн. Тодруулбал, системд холбогдсоноор гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд гадаад валют худалдах, худалдан авах тухай бүр цахим төлбөрийн баримтыг иргэн, хуулийн этгээдэд олгож ажиллах болсон. Иймд харилцагч Та бүхэн валют худалдах, худалдан авах бүртээ тухайн ББСБ-аас төлбөрийн и-баримтыг хэвлэмэл эсвэл и-мэйл хаяг, “И-баримт” аппликейшнээр авахыг зөвлөж байна.

ББСБ-уудыг цахим төлбөрийн баримтын системд холбосноор тайлан мэдээг үнэн зөв, иж бүрэн хүлээн авах нөгөө талаар валютын арилжаа хийх тухай бүр бэлэн болон бэлэн бус гүйлгээний анхан шатны баримт үйлдэх ажлыг хөнгөвчлөх, үр ашиггүй зардлыг бууруулах давуу талтай. Иргэд үйлчлүүлэгчдийн хувьд ч НӨАТ-ын буцаан олголтын тохирол, сугалаанд оролцох боломжийг бүрдүүлэх цаашилбал, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа