Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараах хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажилладаг.

Энэ хүрээнд “Холт Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцах уулзалтыг Чикаго хотноо зохион байгууллаа.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, “Холт Интернэшнл” байгууллагын Монгол Улс, БНСУ дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал Пол Ким болон Чикаго хот орчимд амьдарч буй үрчлэгдсэн хүүхдүүд, эцэг эхийн хамт оролцов.

Уулзалтын үеэр үрчлүүлсэн хүүхдүүдийн ахуй амьдрал, сурч боловсорч буй орчин, нөхцөлтэй танилцсан бөгөөд эдгээр хүүхдүүд нь эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжиж,  өндөр боловсрол эзэмших, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдан амьдарч байна. Тухайлбал, Үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисоны их сургууль, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудад нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байна. Тэд ирээдүйд хоёр орны гүүр болж, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолж байв.

Мөн уулзалтад оролцсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд Монгол Улс үрчлүүлсэн хүүхдүүддээ үргэлж анхаарал хандуулж, тэдний сайн сайхны төлөө санаа тавьж байдагт талархал илэрхийлсэн юм.

Монгол Улс 1999 онд Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 18 орны иргэн, гэр бүлд нийт 277 хүүхдийг үрчлүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд АНУ-д амьдарч байна.

Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн 157 хүүхдийн 71 нь АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлүүлсэн ба тус байгууллагатай хамтран үрчлүүлсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байна.

Түүнчлэн үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай 2 буюу 3 талт гэрээг байгуулж, уг гэрээнд үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч   боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, мөн уугуул эх орон, ёс заншил, түүх соёлын уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчлан тусгаж өгдөг. Мөн үрчлэгч эцэг, эх нь хүүхдийн ахуй байдал, өсөлт хөгжил, боловсролын талаарх мэдээллийг хүүхдийн насны онцлогоос хамааран тодорхой заасан хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлдэг бөгөөд ирүүлсэн мэдээллийг гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан хувийн хэрэг үүсгэн архивлаж, цаашдын хяналтад ашиглаж байна.

Ийнхүү үрчлэгдсэн хүүхдүүд нь Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа чөлөөтэй сонгох боломжтой юм гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа