"Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-т хүрэлцэн ирсэн МДХ-ны ахмад гишүүн, "Шударга журам" медальт, Хүндэт донор Р.Цэрэнпилтэй уулзлаа.

Долоон хүүхдийн ээж ахмад донор одоо ч хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд МДХ-ны явуулын 2 дугаар багийн ахлагчаар ажиллаж байна.

-Та анх хэдэн оноос цусаа өгч эхэлсэн бэ?

-Анх 1980 оноос эхэлж цусаа өгч эхэлсэн. Тэр үед би 20 настай залуухан бүсгүй Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байлаа. Өнөөдөртэй харьцуулбал тухайн үед осол аваар, өвчин эмгэг харьцангуй бага байсан. Гэхдээ л амьдрал буцалж байгаа хойно цусны хэрэгцээ шаардлага гарна шүү дээ. Би 1 дүгээр бүлгийн цустай болохоор олон удаа цусаа өгсөн дөө. Төрөхийн хүндрэл, мэс ажилбар, нярайн өвчлөл гээд цусны хэрэгцээ шаардлага үе үе гарна. Тэр болгонд цусаа өгдөг байлаа.

-Хэдэн нас хүртлээ цусаа өгсөн бэ. Ер нь донорын үйлсийн сайхан нь юундаа байдаг гэж боддог вэ?

-55 нас хүртлээ нийт 40 литр цусаа бэлэглэсэн. 20 настайдаа нярайн хорлогонд орж хүндээр өвдсөн хүүхдэд цусаа өгч байлаа. Удалгүй нөгөө хүүхэд маань эдгэж эмнэлгээс гарахыг харах даанч сайхан байсан. Одоо 40 гарсан эр бий дээ.

Хүний амь насыг авардаг хамгийн том ачтан бол цусны донор. Хүн болгон донор болдоггүй, донор болгон Хүндэт донор болдоггүй юм. Ер нь эрүүл мэндийн том салбарын нэр хүндийг өргөж явдаг хүмүүс гэж ойлгож болно. Яагаад гэвэл эрүүл мэндээ байнга хянаж, шинжилгээнд тогтмол хамрагдаж байдаг гэдэг утгаараа шүү дээ. Эрүүл хүн л цусаа өгдөг.

-Баярлалаа. 

Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа