Боловсролын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Багшийн хөгжлийн ордны 1 давхарт “Байгалийн ухааны жишиг лаборатори”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус лаборатори нь математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээллийн технологийн 6 чиглэлээр нийт 296 нэр төрлийн, 1881 ширхэг багаж, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд багш, сурагчдын туршилт, судалгаа, инноваци, бүтээлч үйл ажиллагааг дэмжих орчин болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын яам, Азийн хөгжлийн банк, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, судлаачид болон боловсролын салбарын төлөөллүүд оролцлоо.

Энэхүү лаборатори нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” МОН-3594 төслийн хүрээнд 2021-2026 онд хэрэгжсэн ажлын үр дүн бөгөөд байгалийн ухааны хичээлийг орчин үеийн технологи, туршилт, судалгаанд суурилан заах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өөрсдийн боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн, туршилтын арга зүй, судалгаанд суурилсан хичээлийн туршлагаа танилцуулж, шинжлэх ухааныг сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр суралцагчдад хүргэх боломжийн талаар арга туршлагаа хуваалцлаа.

УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Энэхүү лаборатори нь зөвхөн тоног төхөөрөмж бүхий танхим биш, харин хүүхэд бүрийн шинжлэн судлах хүсэл тэмүүллийг асааж, багшийн арга зүйг шинэ шатанд гаргах, шинжлэх ухаан, технологи, инновацид суурилсан боловсролын шинэ орчин юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Цаашид тус лаборатори нь:

-Сургалтын хэрэглэгдэхүүний туршилт, танилцуулга
-Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
-Хичээлээс гадуурх STEAM дугуйлан
-Олимпиад, эрдэм шинжилгээний ажил
-Судалгаанд суурилсан сургалт
-Дижитал болон бодит туршилтын интеграцчиллыг дэмжсэн нээлттэй төв болон хөгжинө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа