Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дакар Ралли-2026” уралдаанд амжилттай оролцсон Гавьяат тамирчин Э.Халиунболд, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д оролцох Б.Батмөнх болон “Тал нутгаас Дакарт” төслийн ерөнхий зохицуулагч нарыг хүлээн авч уулзлаа.

Шандас, эр зориг, тэсвэр хатуужил, туршлага, ур чадварыг дээд зэргээр сорьдог, эрсдэл өндөртэй спортод амжилт үзүүлж яваа тамирчид, багийнханд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэрбээр энэ нь монгол хүний “Дакар ралли”-гийн түүхийн хуудаснаа бичигдэх түүхэн амжилт, дараа дараагийн ялалтын эхлэл, мянга мянган хөгжөөн дэмжигчээ баярлуулсан, авто, мото спорт сонирхогч олон зуун хүнд урам зориг өгсөн, улсынхаа нэрийг олон улсад таниулсан амжилт болсныг онцоллоо.

Манай тамирчид авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2026”-д дэлхийн шилдгүүдтэй 14 өдрийн турш өрсөлдөж, 7,500 км замыг туулан хурд хүч, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан юм.

Мөн аав нарынхаа хичээллэж байсан мото спортын замнал, алдар гавьяаг үргэлжлүүлж яваа тамирчдыг олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, төрийнхөө алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулж байхыг хүсэн ерөөлөө.

Гавьяат тамирчин Э.Халиунболдын аав Ш.Эрдэнэбилэг мото спортын тамирчин, гавьяат дасгалжуулагч бол Олон улсын хэмжээний мастер П.Мөрөнгийн аав А.Пүрэвдорж мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.

Түүнчлэн Аргентин Улсын Сан Хуан хотод болсон “Ралли рэйд”-ийн дэлхийн аваргын тэмцээнд 27 дугаар байрт, “Ралли-2” ангилалдаа 17 дугаар байрт орж, 2027 оны “Дакар ралли”-д оролцох эрхээ авсан Олон улсын хэмжээний мастер Б.Батмөнхөд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Авто спортын шинэ үеийн төлөөлөл болж буй Б.Батмөнх бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Дакар ралли-2027” тэмцээнд өндөр амжилт үзүүлэн ард түмнийхээ итгэл, найдварыг алдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа