Орхон аймагт хатуу хөл хорио тогтоосон ч тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн газрын уурхайчдыг тээвэрлэх ажлыг Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсэг хариуцан, шаардлагатай нөхцөлд маршрут өөрчлөн ажиллаж байна.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас чиглэл өгч, ажилчдын автобусны цуваа хөдлөх үед үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран үзлэг, хяналтыг эрчимжүүлээд байна. Үйлдвэрийнхээ ажилчдын эрүүл мэндийн төлөө, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийт 34 автобусандаа ажилчдыг ажилдаа ирж, буцах болгонд нь ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна. Мөн нэг автобусанд 35 ажилтан суухаар хүн хоорондын зайг баримтлан, зорчих ажилчдын тоог зааж өгчээ.

Ажилчид тээвэрлэдэг 34 автобус болон үйлдвэрийн бүсийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, ариутгал хийх цагийн хуваарийг нэмэгдүүлж, хүний гар хүрч болох бүхий л ил гадаргуу, хаалганы бариул зэрэгт зориулалтын бодисоор ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байна. Ариутгал, халдваргүйтгэл болон ажилчдын амны хаалтын хэрэглээ, биеийн халуун хэмжилтэд хяналт тавих ажилтнуудад тусгайлан автобус гаргаж, өглөө 05.00 цагаас эхлэн тодорхой маршрутын дагуу тээвэрлэн хүргэж байна. 

Мөн Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсэг нь шуурхай штабаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилчдыг зөөвөрлөх автобусны чиглэл маршрутыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нарийвчилсан хуваарь гарган өөрчилж ажиллаж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа