УИХ-ын намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны санал, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

“Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тоггоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувийн саналаар дэмжиж “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

Дараа нь “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр боловсруулсан байна. Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. “New Image Cast” санал тоолох төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн, тус улс сонгуулийн санал хураалтдаа ашигладаг болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 70.2 хувь нь төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоол батлагдав.

“Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлыг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардалд багтаан явуулахаар төслийг боловсруулсан байна. Тус төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгууль зохион байгуулагдаж байгаа талаар тайлбар хийв.  Дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 34 нь дэмжиж, 79.1 хувийн дэмжлэгээр “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа