УИХ-ын намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн талаарх төсөл хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан юм.Энэ хуулийн гол зорилго нь хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад оршино байгаа юм. Учир нь дэлхийн улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж байгаа хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1998 оны тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан.
Тиймээс хүний эрхийн хамгаалагч гэж хэн болох, хүний эрхийг хамгаалагчид халдсан халдлага, гомдлыг бүртгэх, баримтжуулах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хүний эрхийн хамгаалагчид халдсан зөрчлийг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.



Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан байна. Харин манай улсын тухайд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлэх, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймээс “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулан хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах эрх зүйн зохицуулалтыг энэ хуулиар бүрдүүлэх юм гэдгийг тэрбээр тодотголоо.
Хуулийн төслийг боловсруулахдаа Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссын зохих судалгаа болон Хүний эрхийн төлөө олон улсын  байгууллагаас  дэлхийн 40 гаруй улс орны хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал, ХЭҮК, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон талуудын илэрхийлсэн санал зэрэг холбогдох материалыг ашиглажээ.
Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 4 бүлэг 15  зүйлтэй юм. Хуулийн төсөлд тусгаснаар үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулагдаж, гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх аж. Уг хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бий болгож байгаа юм гэдгийг хууль санаачлагч дурдав. 
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн  талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нар төсөл санаачлагч гишүүн болон Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Төсөл санаачлагч гишүүн Д.Цогтбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйг баталгаажуулах нь НҮБ-ын тогтоолоор тунхаглал баталж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг гишүүн орнуудад уриалсан асуудал учраас манай улс энэ чиглэлд дорвитой алхам хийх учиртай юм. Энэ үүднээс хуулийн төсөлд “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Түүнчлэн төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан гэлээ. Мөн төсвийн тухайд хүндрэлтэй байгаа ийм цаг үед аль болох бага зардал гаргах, бий болсон тогтолцоо, боломжоо аль болох ашиглах үүднээс 32 сая төгрөгийн санхүүжилт тусгасан байгаа гэдгийг тодотголоо.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Аюурсайхан, Ц.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд манай улсад хүний эрх ихээхэн зөрчигдөж, хүчирхийлэл газар авч байгаа ийм үед хүний эрхийг хамгаалагчийн эрхийг баталгаажуулахад чиглэсэн хууль батлах гэж байгаа нь чухал ач холбогдолтой эрх зүйн зохицуулалт болно гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Мөн зарим гишүүн төслийг хэлэлцүүлгийн шатанд дахин сайн нягталж ажлын хэсэг гарган нухацтай ярилцах, бусад хуультай уялдуулах, хүний эрхийн тогтолцоог өөрийн орны хөрсөнд хэрхэн оновчтой буулгах нь зохистойг анхаарах зэргийг санал болгов.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа