Эх сурвалж: dailyexpress.com

Малайз Улс нь 1.6 сая орчим төрийн албан хаагчтай бөгөөд тэдгээрээс ердөө 0.01 хувь нь өөрийн ажилладаг яам, агентлагийнхаа үйл ажиллагаан дахь авлигын талаар мэдээлэх зоригтой байдаг талаар тус улсын Авлигатай тэмцэх хороо /МАТХ/-ны орлогч дарга, тэргүүн дэд комиссар Шамшун Бахарин Мохд Жамил хэлэв. Мэдээлэх зориг гаргасан албан хаагчдад олон төрлийн урамшуулал олгосон хэдий ч энэ үзүүлэлт бага хэвээрээ байгааг мөн нэмж хэллээ.

МАТХ-ны мэдээллийн сангаас харахад 2012 оноос 2019 оны хооронд ердөө 343 төрийн албан хаагч авлигын талаар мэдээлсэн байна.

“Төрийн албан хаагчид хахууль авах нь гэмт хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй ба хэрэв тэдэнд авлига өгөхөөр санал болгосон талаар мэдээлснээр холбогдох арга хэмжээг авах боломжтой юм. Төрийн албан хаагчид ийнхүү мэдээлснээр зохих журмыг зөрчин зөвшөөрөл олгох, давуу байдал олгох явдлаас сэргийлнэ. Төрийн албан хаагчдад аливаа авлигийн талаар мэдээлэх соёлыг суулгахыг зорьж байгаа ба ингэснээр төрийн албанд авлига, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг арилгах юм” хэмээн Дэйли Экспресст өгсөн ярилцлагынхаа үеэр хэллээ.

Ноён Шамшун Бахарин Мохд Жамил 2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас авлигийн талаар мэдээлсэн төрийн албан хаагчдыг урамшуулахыг зөвшөөрөх тухай гаргасан удирдамжаас иш татан авлигын талаар мэдээлсэн төрийн албан хаагчид тухайн санал болгосон хахуулийн хэмжээтэй ижил дүнтэй мөнгөн урамшуулал болгон авах болно гэж ярьжээ.

МАТХ-оос өнгөрсөн онд авлигын талаар мэдээлэл өгсөн 343 төрийн албан хаагчид 600.000 малайз ринггит /147.3 мянган ам.доллар/ олгожээ.

Түүний хэлснээр төрийн албан хаагчид авлигын талаар мэдээлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй албан хаагч гэм буруутай нь тогтоогдвол Авлигатай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар 100,000 Малайз Ринггит /24,545 доллар/ хүртэлх хэмжээгээр торгуулах, эсвэл 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ.

Өнгөрсөн 12 дугаар сарын 2-ны өдөр Куала Лумпурын шүүхээс Сангийн яамны 5 ажилтанд 1500 – 2000 Малайз Ринггит /368-490 доллар/ -ын торгууль ногдуулсан нь дээрх хуулийг хэрэгжүүлсэн анхны тохиолдол байв.

Авлигаас ангид нийгмийг бий болгохын тулд яам, агентлагууд авлигыг илчилсэн ажилтан, албан хаагчдаа хамгаалах, дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэх хэрэгтэй байгааг онцолсон ба 2010 оны Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, 2009 оны гэрчийг хамгаалах тухай хуулийн дагуу МАТХ нь авлигын талаар мэдээлсэн албан хаагчдыг хамгаална гэж амлажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа