Орхон аймагт 03 дугаар сарын 24-ний өдөр “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол илэрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шуурхай арга хэмжээ авч, тухайн өдрийн 18 цагаас эхлэн бүх ажилтнаа ээлж, дарааллын дагуу түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, зохион байгуулалт хариуцсан Шуурхай штабынхан, эмч сувилагч, цагдаа нар болон арын албаныхан тасралтгүй 24 цаг ажилласны хүчинд 6800 гаруй ажилтнаас шинжилгээ авч, халдвар, эрсдэлийг богино хугацаанд тодорхойлж чадсан. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/151 тоот “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” тушаал гарч, 0-12 настай хүүхэдтэй 186 ээж, өрх толгойлсон аавууд болон жирэмсэн ажилтнуудад цалинтай чөлөө олгосон. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр 290 ажилтныг цахим хэлбэрээр зайнаас ажиллуулж, Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, 170 ажилтанд цалинтай чөлөө олгоод байгаа. 

Мөн 03 сарын 28-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/153 тоот тушаал гарсан. Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх хариу арга хэмжээний тухай уг тушаалд, Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөг нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр тодотгож, түүний дагуу үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулахыг Үйлдвэрийн газрын Шуурхай штабын даргад үүрэг болгосон. Цар тахлын халдвар тархах эрсдэлийг бууруулж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд бүтцийн нэгжийн хэмжээнд ажилтнуудыг цахимаар болон ажлын байранд ээлжлэн ажиллуулах хуваарь гарган баталж, мөрдөж ажиллахыг бүх бүтцийн нэгжийн дарга, мэргэжлийн ангийн дарга нарт даалгажээ.

Коронавируст халдвар цаашид тархах эрсдэлтэй байгаа тул ажилтан бүр онцгой анхаарч, аль болох гэрээсээ гарахгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, гэр-ажил-гэр гэсэн маршрутыг мөрдөн, амны хаалтыг байнга хэрэглэн, гараа тогтмол ариутган, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хариуцлагатай байхыг нийт ажилтнуудад даалгаж, анхаарууллаа.     

Ч.Бадрал
Фото: Б.Баттөгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа