Эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй – ХУДАЛ
“Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж. Тэгвэл хадгаламж банкны 14н тэрбумын хэргээр эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй юм байна…” гэсэн пост олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Энэхүү мэдээллийг нягталлаа.
“Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж”
FACTCHECK:
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг 30 дугаар зүйлд тусгажээ.
Тус заалтын 2. дугаар хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснээс өөр шалгуур заагаагүй байна. Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулжээ.
“Хадгаламж банкны 14н тэрбумын хэргээр эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан…”
FACTCHECK:
МАН-ын дарга У.Хүрэлсүх “Хдгаламж” банкны 14 тэрбум төгрөгтэй холбоотой хэргээр буюу “Фургон” автомашин авах гэж банкны мөнгөнөөс 11.6 сая төгрөг авч хувьдаа завшсан хэрэгт холбогдож, тэнсэн харгалзах ял авч байсныг Давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож байжээ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийг ял шийтгэлгүй гэж үзэхээр байна.
“Ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй юм байна”
FACTCHECK:
2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд шинэчлэн баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ял шийтгэлтэй холбоотой дараах заалтууд багтжээ.
5 дугаар зүйл буюу Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийн тухай хэсгийн 5.2-т Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй
26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалтууд оржээ.
Эндээс үзвэл У.Хүрэлсүх нь одоогоор ял шийтгэл эдэлж байгаа биш учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэдэг мэдээлэл нотлогдсонгүй.
Сэтгэгдэл