Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор АН-ын дотоод “зодоон” эхэлжээ.Хэдийгээр энэ нам ардчилал нэрийн дор үеийн үед бүлэг, фракцад хуваагдсан байдалтайгаар тэмцэлдэж ирсэн ч энэ удаагийнх илүү ноцтой байгаа гэнэ. 
Учир нь өдгөө “цахим” болон “цаасан” даргатай болсон АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуултад ердөө 14 хоногийн дотор хариулт олох шаардлага үүссэн.Гэвч албан ёсоор хоёр хуваагдаж, хоёр даргатай болсон энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүний тоо арван хуруунд багтахгүй. 
С.Эрдэнийн намаас М.Тулгат, Ц.Тувааныхаас О.Цогтгэрэлийг АН-ын даргад батламжлуулахаар Улсын Дээд шүүхэд хандчихаад байгаа. 
 Хэдийгээр Дээд шүүх даргын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс бүх зүйл хамаарах ч үүнийг тэд “зовлонд” тооцохгүй байгаа бололтой. 
Тал талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ажиллагааг эхлүүлжээ.Одоогийн байдлаар М.Тулгатын талаас Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүл нарыг зүтгүүлэх бол О.Цогтгэрэлийн талаас З.Энхболд хамгийн өндөр магадлалтай байгаа ажээ.
 
Үүний зэрэгцээ хоёр тал ойлголцож чадвал томчуудаа оруулж ирэх яриа ч хаалганы гадна өрнөж эхэлсэн байна. Энэ тохиолдолд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Л.Гантөмөр намын нэр яригдаж эхэлсэн  гэнэ. 
 
Эцсийн дүндээ АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр хүчээ үзэж таарна. 
Ерөнхийлөгчийн хувьд өөрөө, эс бол өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэх зорилгоор намаа хоёр хуваачихсан учраас ажил хэрэг болгох гэж үзэх нь тодорхой. 
Харин С.Эрдэнэ нөгөө талд найр тавихгүйгээ хатуу илэрхийлсэн хэвээр байгаа төдийгүй  албан ёсны тамга тэмдэг гарт нь байгаа учраас нийслэлийн намаа өгчихсөн Үүл баатрыг тултал зүтгүүлэхээр тохиролцсон гэх.
Ийнхүү Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвшүүлэхгүй гэх Цэцийн шийдвэрийг АН-ынхан бүрэн хүлээн зөвшөөрсөн төдийгүй дараагийн ажиллагаандаа оржээ. Гэхдээ тэдний энэ удаагийн “зодоон” удаан үргэлжлэхгүй. Цаг тулсан учраас маш хурдан хугацаанд эвлэрлийн ширээнд суух, эс бөгөөд хоёр талд хоёр дарга тодруулсан шигээ хоёр хүнийг нэр дэвшигчээр бүртгүүлэх гэж үзээд АН-ынхаа “амыг барих” гэсэн дэнчинтэйгээр Ерөнхийлөгчид өрсөлдөгчөө тодруулахаар зураглаж эхэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа