- Сэтгүүлч
- 2021/04/29
- 1186
Ямар зорилго агуулан Ерөнхийлөгч генерал цолыг “бөөндөв”
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж цэрэг, арми, тусгай албаны нэр бүхий 13 хүнд нэг өдрийн дотор генерал цол олгов. Нийт генерал цол авсан эрхмүүдийн дийлэнх буюу 9 нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь шууд харьяанд байдаг ЗХЖШ-ын бие бүрэлдхүүнээс тодорсон. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ихэнхийг нь томилуулсан гэх мэдээлэл бий.
Генерал цолыг үнэгүйдүүлж, хавтгайруулан төрийн шагналыг “бөөндлөө” гэх шүүмжлэл дагуулж эхлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт нэг дор олон хүнд генерал цол олгосон нь ямар учир шалтгаантай вэ?
Сүүлийн үед Ерөнхийлөгчийн амнаас бослого, үймээн самуун, төрийн эргэлтэнд уриалсан үг байн байн унагах болсон. Үүндээ бэлтгэж байна гэсэн хардлага ид явж байх үед цэрэг армийханд генерал цолыг бөөнөөр нь олгосныг нь цаанаа ямар зорилго тээж байна вэ гэх асуултад хүргэж байна.
Эх орон дайнтай үед ч олноор нь олгогдож байгаагүй юм. Монгол Улс 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хүнд генерал цол олгосноос хойш 77 жилийн хугацаанд 185 хүнд энэхүү хүндтэй цолыг олгожээ.
Генерал цолыг олгож ирсэн жишгээс харвал жилд хамгийн ихдээ 3, багадаа 1 хүнд энэ цолыг олгож иржээ. Зарим жилд огт энэ цолыг олгоогүй нь ч бий.
Ерөнхийлөгч Х.Баттулга генерал цолны үнэ цэнийг унагалаа гэх шүүмжлэлийн араас улс төрийн сэдэл зорилгодоо ашиглах вий гэж асуудал яригдаж байна. Энэ тухай "Женко Х.Баттулгын шагнал болгон араасаа заавал нэхэлтэй, өврөөсөө төлбөртэй байдаг гэдгийг ардчиллын хууччуул андахгүй. Өдөрт 13 генерал төрүүлсэн хийрхэгч дэлхийн бусад оронд байхгүй. Армийн генерал цолыг Алтан гадас одонтой андуураад байна уу" гэх зэргээр сошиалд хүмүүс дургүйцлээ илэрхийлэн сэтгэгдлээ илэрхийлээд эхэлжээ.
Улс орны эрх ашиг, эв нэгдлийн баталгаа, өргөсөн тангарагтаа үнэнч эр цэрэг, армийнхан энгэрээ цоолох эрх, гавьяа бий ч нэг дор "бөөндөж" олгосон нь шүүмжлэлд өртөх шалтгаан болов.
Б.САЙХАН
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
Сэтгэгдэл