СЕХ: УИХ-д суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авна
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсан. Иймд Сонгуулийн ерөнхий хороо дээрх хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах учиртай.
Иймээс УИХ-д суудал бүхий намын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, “нэг хүнийг нэр дэвшүүлэх” хуулийн шаардлагад нийцүүлэн намд үүссэн асуудлаа шийдвэрлэхийг хүсээд Сонгуулийн ербнхий хороо АН-ын хоёр талаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй байна.
Энэ талаар СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ тайлбар өглөө.
-Өнөөдрийн байдлаар СЕХ-нд хэчнээн нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрсээ өгөөд байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам эвсэл тус бүр нэг хүний нэр дэвшүүлээд хуульд заасан хугацаанд СЕХ-нд холбогдох баримт бичгээ өгөхөөр хуульчилсан байдаг. Хөл хориотой байгаа энэ хугацаанд тодорхой цагт ирэхийг урьдчилж мэдэгдсэн байгаа. Энэ дагуу МАН-аас болон Зөв хүн Электрот эвслээс нэр дэвшигчийн материалыг хүлээлгэж өгсөн.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам эвсэл зөвхөн нэг хүний нэр дэвшүүлнэ гэдгийг заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд ч заасан байдаг. Сонгуулийн Ерөнхий хороо бол иргэний сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх, эрхийг хангаж өгөх зохион байгуулалттай ажилладаг байгууллага. Ийм учраас сонгогдох эрх талаасаа УИХ-д суудал бүхий улс төрийн томоохон хүчин АН-ыг нэр дэвшүүлэх, сонгогдох эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Нийтэд ил байгаа баримтаар мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Гэтэл СЕХ-нд 2 мөрийн хөтөлбөрөөр баримт ирж байна. Мөн 2 нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж өглөө. Тиймээс СЕХ-ноос хуулийн дагуу нэг материалыг бүрдүүлж өгөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тиймээс хүлээж авсангүй.
Өнөөдрийн 24 цагийг өнгөртөл материал хүлээж авна. Харин энэ хугацаанд өгч чадахгүй бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, лавлагаа, материалыг үндэслэж нэг материал хүлээж авна. Хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлнэ.
-Мөрийн хөтөлбөрт аудитын байгууллагаас дүгнэлт хийдэг. АН-аас өгсөн мөрийн хөтөлбөрт аудитаас ямар дүгнэлт хийсэн бэ?
-Баримт бичгийн агуулга руу орох хуулиар заасан хугацаатай. Өнөөдрийн хувьд баримт бичгийн бүрдүүлбэрийн хувьд бүрэн гүйцэд байна уу, үгүй юу гэдгийг нягтлан шалгаж хүлээж авах ёстой. Харин энэ бүхний дараа буюу 3 хоногийн хугацаанд ирсэн баримттай нягтлан шалгах ажиллагаа явуулаад хуульд заасанд нийцэж байна уу гэдэгтэй танилцаад хорооны хурлаар бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Үндэсний аудитын хорооноос СЕХ-нд 2 мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Түүнээс бус СЕХ намын дотоод асуудлыг мэдэхгүй. Тиймээс Улсын дээд шүүх, тамга тэмдэгийн эрх бүхий байгууллага Улсын бүртгэлийн газар, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шүүхүүдээс лавлагаа авсан байгаа. Тиймээс энэ баримтад үндэслэж шийдвэрлэнэ.
-24 цагийн хугацаанд АН дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй нэг нэр дэвшигч гаргаж чадахгүй тохиолдолд яах вэ?
-АН УИХ-д суудалтай, улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам учраас нэр дэвшигч бүртгүүлэх эрхтэй. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу дотоод асуудлаа цэгцлээд нэг нэр дэвшигч бүртгүүлээч ээ гэж хүсэж байна.
Сэтгэгдэл