АН өнөөдөр хагарлаа Монгол Улсын төр засаг, төрийн эрх барьж байгаа МАН, цаашлаад ард түмэнд нялзаахыг оролдож байна.Тэгвэл ингэж болохгүй л дээ. Учир нь АН-ын энэ хоёр хуваагдсан хагарал, тэмцлийн цаана байгаа хүмүүс чинь тодорхой байна шүү дээ. Тэд бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тэднийг дагасан нөхдүүд.

Тэд тэртээ 1990-ээд оноос нэг нь улстөрийн хар махинаци, нөгөө бизнесийн ов мэхээр хослон тоглож эхэлсэн түүхтэй. Тэд л 17 чингэлэг спирт оруулж ирж, улмаар ус болгож, тэр л хослол Баянгол зочид буудал, “Махкомбинат”, “Талх чихэр”-ийг Х.Баттулгын мэдэлд оруулсан гэдэг.

Ц.Элбэгдоржийг дагаж их улстөрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ивээгчийнхээ өөдөөс томордог болсон. Тэр нь Өмнөговь дахь том ордуудыг ашиглах, тэндээс улсын хил рүү төмөр зам тавихтай холбоотойгоор ийн найзууд хоёр эрэг дээр гарч эхэлсэн хэрэг.

Тиймээс ч “амин найз”-ыгаа Ц.Элбэгдорж нь дуудаж загнаж байсан нь саяхны түүх. Ийм л хүмүүс нэг нь нөгөөгөөсөө Ерөнхийлөгчийн суудлыг авсан. Ингээд Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярыг хориулж байсан шиг Х.Баттулга нөгөө найзаа хориулахыг олон Монголчууд 4 жил хүссэн ч биелсэнгүй.

Тэгэхээр тэдний хооронд олон түмэнд мэдэгдэж болохгүй томоохон хар хэргүүд байгаа нь тун ойлгомжтой юм. Түүнээс Ц.Элбэгдоржид тохвол тохоод хэрэгт хийчих асуудал зөндөө байгаа тухай хэвлэлүүд шуугисаар ирлээ. Эрдэнэтийг улсын мөнгөөр ХХБ авсан, Оюутолгойтой холбоотой асуудлууд, Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулга, Эрдэнэсийн санд гар дүрсэн хэрэг гээд тоочвол тоймгүй асуудал гарна. Гэвч Х.Баттулга хуучин найзаа хориулсангүй.

Тэгэхдээ зүгээр суусангүй 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр муу хүмүүсийг албаар дэвшүүлж, заримыг нь сонгууль дуусахаас өмнө хориулж, унагаад улмаар С.Эрдэнээр намын даргын тамгыг өгүүлэв. Ингээд өөрийгөө өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авахаар АН-ын Их хурал гээчийг дэглэж дүрмийн өөрчлөлт гээчийг хийлгэсэн ч үүнийг С.Эрдэнэ нар эсэргүүцлээ. Тэдний цаана Ц.Элбэгдорж байсан нь маргаангүй.

Ийнхүү АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болсон явдал тус намыг дахиж эвлэрэхээргүй хоёр талд тас хуваагаад байна.

Намын нөхөд нь тэднийг ширээний ард суухыг уриалсан ч тэд хөдлөхгүй нь тодорхой. Ийнхүү АН Ц.Элбэгдорж, Х.Баттулга хэмээх хоёр найзын зам салсанаас болж, хоёр хуваагдаад одоо намынхаа асуудлыг төрийн, ард түмний асуудал болгох улайралд хүргэжээ.

Харин тэдний дагалдагчдын нэг хэсэг нь Сүхбаатарын талбайд өлсөж хэвтэнэ. Нөгөө тал нь тэднийгээ шоолоод С.Эрдэнийгээ нэр дэвшүүлээд явж байна. Хар хэрүүл, хэл амаа дотооддоо л хий хэмээн олон нийтийн ихэнх нь уурсаж байна.

Ц.Нямдорж сайд нэгэнтээ “АН-ын фракцууд төрд гарахаараа төрийн зовлон, намдаа байхаараа намын зовлон” гэж байсан. АН-д фракц устсан гэж зарладаг ч одоо бүр тэрнээсээ дордож. Уг нь фракцтайгаа байсан бол ядаж хоёрхон биш хэдэн хүн уулзаж ярилцаад тохирдог байхсан. Гэвч фракцийг устгаж, Монголын ард түмний эв нэгдлийг хангах ёстой хүн АН-д ч эв нэгдэл тогтоож чадахгүй мундраа хутгаж байгааг та бид харж байна.

АН тэр хэрүүлээ дотооддоо л хий, ард түмнийг, төр засгийг хэрүүлдээ бүү татан оруул.

Г.Сартуул

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа