Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо" танхимаас цахимаар боллоо.

Хуралдаанд Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.

Хүн амын хөл, хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа.

Иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ.  Хот, хооронд болон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагууд хуульд заасан арга хэмжээ авч, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

 “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг тусгахаар боллоо.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гарсан үр дүнгийн талаар Улсын онцгой комисст 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор танилцуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов.

Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмийн хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийг вакцинжуулах ажлыг аюулгүй, өргөн хүрээнд зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэргэжлийн бодит мэдээллээр хангаж ажиллахад анхаарахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа