Олимпын наадмын эргэн тойронд
Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй өнөөдөр нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртэж гялалзлаа. Тэрбээр эхлээд 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:03.86 минутын амжилтаар олимпын рекорд тогтоон түрүүлсэн. Үүнээс ердөө ганц цагийн дараа 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад түрүүлсэн багийнхаа нэг гишүүн болжээ. Хятадын сэлэгчид энэ зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон (7:40.33 мин) бол мөнгө, хүрэл медалийг АНУ, Австралийн сэлэгчид хүртэв.
***
Словенийн сагсны шигшээ багийнхан шилтэй архины ард ширээ тойрон суугаа зураг инстаграмаар цацагдаж, олны шүүмжлэлд өртөөд байна. Уг зургийг инстаграмдаа оруулсан Испанийн эмэгтэй шигшээгийн тоглогч Кристина Оувинья удалгүй зургаа устгаж, уучлалт гуйсан ч хэдийн олон хүнд хүрчээ. Словенчууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм. Гэхдээ Словенийн шигшээгийн дасгалжуулагч Александер Секулич “Би энэ зурагнаас ямар ч хууль бус зүйл олж харахгүй байна” хэмээн тамирчдаа өмөөрчээ. Словенийн эрэгтэй шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтдоо Аргентинийг 118:100, Японыг 116:81-ээр хожсон бөгөөд наймдугаар сарын 1-нд Испанитай тоглох юм.
***
Оросын жүдоч Нияз Илясов эрэгтэйчүүдийн -100 кг-д хүрэл медаль хүртлээ. Энэ нь тус улсын жүдочдын хоёр дахь хүрэл медаль болов. Оросууд Лондоны олимпод гурван алт, нийт таван медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Риогоос хоёр алт, нэг хүрэл медальтай ирж байв. Харин Токиогийн дэвжээ Оросын жүдочдод тун халгаатай байна.
***
Сэлүүрт завины эмэгтэйчүүдийн хосын төрөлд Италийн В.Родни, Ф.Сезарини нарын баг аваргаллаа. Италичууд өөрийн зайг 6:47.54 минутад туулж, арын өрсөлдөгч Нидерландын багаас ердөө 0.14 секундээр илүүрхсэн юм. Италийн сэлүүрт завины эрэгтэй тамирчид олимпын наадмаас 40 медаль хүртсэн баялаг намтартай бол бүсгүйчүүд нь анхны медалиа ийн авчээ.
***
Жүдоч А.Волф эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалснаар япончууд 15 алтан медальтай болж, багийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэд Риогийн олимпоос нийт 12 аль зүүсэн бол энэ удаа эхний зургаан өдөр л 15 алттай болов. Удаах байруудад БНХАУ, АНУ бичигдэж буй бол австраличууд Оросыг байр ухраан дөрөвт орж ирлээ. Монголын баг одоогоор 42-р байрт жагсаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл