“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын болоод Орхон аймгийн удирдлагууд энэ 7 хоногт Соёл спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ онд ашиглалтад оруулахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа барилгын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар ханын шавардлага үргэлжилж байгаа бөгөөд хүйтрэхээс өмнө цонхоо хийж, 10 дугаар сарын 1-нээс дээврийн ажлыг эхлүүлэх, дулаанд холбох, мөн сарын 20-нд гадаад тохижилтын ажлыг дуусгахаар ажиллаж байгаагаа тус цехийн дарга М.Төмөртогоо хэлж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн 4,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа “Эрдэнэт” цогцолборын барилга нь үзвэрийн танхим, үзэсгэлэнгийн өрөө болон албан тасалгаа, ресторан, буудал, ариун цэврийн өрөөнөөс бүрдэх бөгөөд 2000 хүний суудалтай, дөрвөн давхар барилга болон сүндэрлэх юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг цогцолборыг орон нутагт үр өгөөжтэй хэлбэрээр ашиглах, ингэхдээ урлаг, спортын чиглэлээр ямар төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтойг судалж, төлөвлөгөө гаргахыг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Соёл урлагийн цогцолборын дарга Б.Баттулга, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нарт үүрэг болгож, хууль эрхзүйн тал дээр Хуулийн хэлтсийнхэн ажиллахыг даалгалаа. 

Дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн соёл спортын “Эрдэнэт” цогцолборын барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бүхий л талаар дэмжин ажиллаж байна. 

И.ЧИНТОГТОХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа