Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар...
Дэлхий нийтээр тархаж буй "Ковид-19" цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдлыг нэмэгдүүлсээр байна. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25 хувь, хөдөлгөөний хомсдолыг 10 хувиар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн.
Дэлхийд хүн амын нас баралтын 6 хувь нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг.
Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10000-аас дээш алхам алхдаг. Aлхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг) багаж хэрэгслийг хүн амын 76 хувь нь ашигладаггүй байна.
Түүнчлэн монгол залуучуудын бүтээсэн "Alhay" гар утасны аппликейшнийг ашиглан 2021 оны 05 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ хамтран “Эрүүл мэндийхээ төлөө - Алхангаа ярилцъя” уриан дор “Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян, 2021 оны 10 дугаар сарын 01-31-ний өдрүүдэд “Дэлхийн алхалтын өдөр”-ийн хүрээнд “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” алхалтын сарын аяныг тус тус зохион байгуулаад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дугаар заалт, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах иргэд, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, явган алхалтыг сурталчлан уриалах зорилгоор “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” уриан дор “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” сэдэвт алхалтын арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монголд дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарынхан оролцжээ.
Сэтгэгдэл