Эрдэнэтчүүд жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэдэг болсоор 5 дахь оноо угтаж байна. 1975 оны 12 дугаар сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гарч байжээ. Харин Орхон аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит VIII хуралдаанаас энэ өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. Тиймээс энэ өдрөөр Эрдэнэтийг барьж байгуулсан анхдагч, илгээлтийн эзэд, ахмад үеийнхний хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах, тэдний түүхэн гавьяаг залуу хойчдоо таниулан сурталчлах, төрөлх хотынхоо үнэт зүйл, хөгжил дэвшлээр бахархан бахдах утга агуулга бүхий олон хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон.

 Энэ жил “Эрдэнэт хотын өдөр”-өөр Ерөнхий боловсролын сурагчдад “Эрдэнэтийн алдартнууд”  сэдвээр хичээл зааж, эрүүл мэндийн төвүүд шинэ барилгаа хүлээн авах юм байна. Мөн Эрдэнэт хотын болон анхдагч илгээлтийн эздийн өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт, үндэсний бөхийн барилдаан, Анхдагч, илгээлтийн эздийн хөшөөнд цэцэг өргөх, МХЗЭ-ийн байгууллагын нэрэмжит дурсгалын хөшөөний нээлт зэрэг ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдана.  Түүнчлэн Монголын Зураач, урчуудын холбоо болон Гэрэл зургийн холбооны уран бүтээлчид Эрдэнэтийн түүх, хөгжил дэвшил, онцлогийг харуулсан бүтээлүүдээ дэлгэж, Музей, Сархиа цанын бааз, шүдний эмнэлгүүд  үнэ төлбөргүй үйлчилгээг Эрдэнэтчүүддээ үзүүлэх аж. 

Өнгөрсөн зуунд Монголчуудын бүтээн байгуулсан бахархалт Эрдэнэт үйлдвэрийг дагуулж, тавхан жилийн хугацаанд иж бүрэн хот суурин босгосон нь эдүгээгийн Эрдэнэт хот билээ. Дөч гаруй жилийн үүх түүхтэй хот, үйлдвэр хоёр өнөө цагийн Монгол орны хөгжлийн нүүр царай, нэрийн хуудас болон урагшлан дэвжиж буйг тодотгож өгдөгөөрөө “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр” -ийн ач холбогдол оршдог юм. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа