Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог бөгөөд цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй.

Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын дулааны эрчим хүчний үнэ тариф 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй, үнэ тариф нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцолж байлаа.

1,107.2 мянган хэрэглэгчийн 868.5 тэрбум төгрөгийн төлбөрийг Засгийн газраас хариуцжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын дагуу 13 сарын туршид хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Төрөөс хариуцсан.

Энэхүү төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 738.2 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369.0 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,107.2 мянган хэрэглэгч хамрагдаж 868.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.

Орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, айл өрхийн амьжиргааны өртгийг бууруулах, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай” 410 дугаар тогтоол гарсан.

Энэхүү тогтоолын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байна. Монгол Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх байгаагаас нийслэл хотод 392 мянган айл өрх, орон нутагт 304 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдах ба орон сууцны айл өрхийн 78 хувь, гэр хорооллын айл өрхийн 75 хувь нь төлбөрөө төрөөс бүрэн төлүүлэх боломжтой байна. Энэхүү төлбөрийг төрөөс хариуцан төлөхөд урьдчилсан дүнгээр 72.1 тэрбум төгрөгийг Төрөөс хариуцан ажиллахаар байна.

Ингэснээр цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хугацаанд сард 250 кВт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа