Нийслэлчүүд бидэнд ногоон байгууламж Ус агаар мэт хэрэгтэй байна
Улаанбаатар хотоос гарах баруун цэг 22-ын авто товчооны орчим Авто худалдааны цогцолбор /Олон улсын логистик худалдааны төв/-ийн эзэмшлийн газарт нуур үүсэж усны шувууд ирдэг болсоор нилээд хэдэн жил болж байна.
Улаанбаатарчууд бид бохирдсон Туул голоо бараадан багширч ганц нэг төрлийн шувуудыг л харахаас хэтэрдэггүй. Гэтэл энд ёстой л жинхэнэ “Шувуут нуур” бий болжээ.
Нууранд хун, галуу, нугас, ангир, цахлай зэрэг 42 овгийн 204 зүйлийн шувууд байгааг “Сараана” байгаль хамгаалах сан болон шувуу судлаач мэргэжилтнүүд тогтоожээ. Нуурыг 102 зүйлийн нүүдлийн шувууд дайрч өнгөрдөг, 44 зүйл шувууд өндөглөж зусдаг, 33 зүйл шувуу суурин, 13 төрлийн шувууд тогтмол энд өвөлжиж байгаа нь үнэхээр гайхалтай.
Энэ хэсэгт карьерийн зөвшөөрөл 2004 онд олгож их хэмжээний талбайг эзлэх болсон тул 2007 онд зогсоожээ. Гэтэл газрын гүнээс ус ундарч одоогоор 17 га талбай бүхий том хэмжээний нуур үүсэж шувуудаас гадна планктон, алгана, хэлтэг, сахалт эрээлж, шаамий зэрэг загас, хэд хэдэн төрлийн замаг нууранд байгааг тогтоосон ба судалгааны ажил үргэлжлэн хийгдсээр байна. Хамгийн сонирхолтой нь зэгс, бургас бүхий жижигхэн арлууд нуурын дунд үүсжээ.
Нуур орчмын газар нь уулын хээрийн бүсээс нугын хэв шинжтэй болж 57 төрөл зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. Нуурын усыг Усны газраас шинжилж үзээд цэвэр цэнгэг, унданд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гаргажээ. Ийнхүү хэний ч гар хүрээгүй хөрөнгө мөнгөний зардалгүйгээр өөрөө бий болсон нуурыг түшиглэн иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрөөх ногоон цэцэрлэг мод үржүүлэг бүхий “Шувуут нуур”томоохон цогцолборыг бий болгохоор Нийслэлээс төлөвлөж байгаа юм байна. Юуны өмнө нуурыг цэвэрлэх, ойр орчим хаягдсан карьерын нүхнүүдийг дарж аюул ослоос сэргийлэх, иргэд амралтын өдрүүдээр олноороо ирж, хог бохирдол бий болгож байгаа тул талхлагдахаас нь урьтаж яаралтай хайс, хамгаалалт хийж аялал жуулчлалын хамгаалалтын бүсэд авах шаардлагатай байгаа юм. Дэлхийн дулаарлаас шалтгаалан ногоон хөгжлийг дээдэлсэн гадаад орнуудад маш олон тооны хиймэл нууруудыг барьж байгуулж байна.
Сэтгэгдэл