Манлайллын хөтөлбөрт оролцогчид хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйд суралцав
Өнгөрсөн 4 дүгээр сарын 14-нд нээлтээ хийсэн тус хөтөлбөрийн 100 оролцогч тус бүр арван хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдан, зохион байгуулагдсан байна. Important project, Галт шувуу, Synergy, Түлхүүр, Аравт, Lead 4 EMC, Influencer, Альфа, Top disc, Тугч багууд энэ хугацаанд өөр өөрийн онцлогт тохирсон нэр, таних тэмдэг, бэлгэдэл, уриатай болж амжжээ. Хөгжлийн төлөө нэг зорилгын дор нэгдсэн залуус сургалт, үйл ажиллагаанд багийн зохион байгуулалт, нэгдмэл байдлаараа үлгэрлэн оролцож, бие биедээ урам өгч байлаа.
Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Т.Атарбаяр, гишүүн Д.Дашдорж, Б.Гөлгөө нар 2022-2024 онд гурван жилийн хугацаанд хэрэгжих “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн 2022 оны төлөвлөгөө, оролцогчдын идэвх оролцоог дүгнэх журмыг танилцуулсан. Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон оролцогч, бүтцийн нэгжийн удирдлага нарын хооронд гурван талт хэлцлийг баталгаажуулж, үзэглэлээ. Тус хэлцэлд, хэрэгжүүлэгч болон оролцогчийн үүрэг, хариуцлага, бүтцийн нэгжийн удирдлагын дэмжлэг зэргийг амлалт хэлбэрээр оруулж, эргэн дүгнэж байхаар тусгажээ.
Манлайллын хөтөлбөрийн оролцогчид энэ удаа Лектор, хуульч Ц.Азбаярын “Удирдлагын манлайлал”, “Глобал талент менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Наранцацрал, Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мэндбаяр нарын “Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө” болон “Skill matrix” боловсруулах хичээлд сууж, багаар ажиллалаа. Оролцогч бүр сурч, мэдсэн зүйлсээ өөртөө хэрэгжүүлж, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, тэмдэглэл хөтлөх 14 хоногийн хугацаатай даалгаврыг авсан.
Сургалт, өдөрлөгийн үеэр “Хүний хөгжлийн цогц хөтөлбөр”-ийг зохион байгуулах төв болон дэд ажлын хэсгийн гишүүд, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогч нар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Төв ажлын хэсгийн дарга, ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр Манлайллын хөтөлбөрийн оролцогчдын санал, сэтгэгдлийг сонсож, Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй сургалт, үйл ажиллагааны талаар ярилцсан. Мөн хөтөлбөрийн оролцогч нарыг өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргаж, зохион байгуулж буй үйл ажиллагаа бүрд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл, зорилготой залуусаа дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Манлайлагч 100 залуу маргааш өдөр нь волейболын тэмцээнээр өрсөлдсөнөөс “Lead 4 EMC” баг тэргүүлэн, “Альфа” баг удаалж, “Influencer” баг гуравдугаар байрт шалгарсан юм. Манлайллын хөтөлбөрийн дараагийн үйл ажиллагаанд багууд илтгэл боловсруулж, хэлэлцүүлэхээр болсон. Оролцогч 10 баг тус бүр сугалсан сэдвийнхээ дагуу судалгаа хийж, санал, шийдэл боловсруулахаар бэлтгэлдээ оржээ.
Сэтгэгдэл