Даваа гарагт Улсын тусгай прокурор Худалдааны шүүхийн ерөнхийлөгч Блазо Йованич болон өөр арван хүнийг гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэж байгаа талаар мэдэгдсэний дараа Монтенегрогийн цагдаа нар тэднийг баривчилжээ.

Ерөнхий сайд Дритан Абазович цагдаа, прокурорын үйл ажиллагааг өндрөөр үнэлж, зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх нь түүний цөөнхийн засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж нэмж хэлэв. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнгөрсөн хугацаанд хуучин эрх баригчдын дэмжлэгтэй өмч хувьчлалыг дээрэмдсэн олон тохиолдол гарсан. Одоо хийсэн зүйлийнх нь хариуцлагыг хүн бүртэй тооцож, хүлээлгэх цаг болсон. Ирээдүйд илүү үр дүн гарах болно гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ.

Йованикийн оффист нэгжлэг хийх үеэр цагдаагийн тусгай хүчнийхэн шүүхийн байрыг хаасан гэж хэвлэлийнхэн мэдээлсэн. Улсын тусгай прокурор баривчилгааны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Йованич өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт хэдэн арван сая еврогийн хохирол учруулсан гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн гэж мэдээлжээ.

Йованич 2014 онд Худалдааны шүүхийн даргаар анх сонгогдож, 2019 онд дахин сонгогдсон. Тэрээр Худалдааны шүүхийн даргаар сонгогдохоосоо өмнө Подгорицагийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. Сөрөг хүчин болон төрийн бус байгууллагууд нь түүнийг ерөнхийлөгч Мило Жуканович болон улсыг гучин жил удирдсан Ардчилсан социалист намтай улс төрийн холбоотой гэж буруутгаж байсан.

Дотоод хэргийн сайд Филип Аджич хэлэхдээ гэмт хэрэг, авлигатай тууштай тэмцэж, аюулгүй байдлын байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлнэ гэжээ. Ерөнхий сайд асан Здравко Кривокапич цагдаагийн үйл ажиллагааг сайшааж, Худалдааны шүүхийн ерөнхийлөгчийг хувийн ашиг сонирхлын үүднээс төрийн эсрэг ажилласан гэж нэмж хэлжээ.

Дөрөвдүгээр сарын арван найманд Монтенегро улсын Дээд шүүхийн экс ерөнхийлөгч Весна Меденикаг албан тушаалаа урвуулан ашигласан, хүү Милош Меденикагийн үүсгэсэн гэмт хэргийн байгууллагад гишүүнээр элссэн хэргээр баривчилсан байна. Түүний хүү Милош Меденика болон цагдаагийн ажилтан Дарко Лалович нар Бар боомтод хар тамхи хууль бусаар худалдаалах ажлыг зохион байгуулж байсан, харилцан ярианы бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсний дараа түүнийг баривчилжээ.

Sky ECC шифрлэгдсэн мессежний программыг ашигласан ярианы хуулбар дээр Меденикагийн ээж нь тэдний хууль бус бизнесийг мэддэг бөгөөд тэднийг өөрийнх нь хамгаалалтад найдаж болох талаарх яриа бичигджээ.

Өнгөрсөн жилийн тайланд Европын Комисс Монтенегро дахь шүүхийн гол шинэчлэлийн хэрэгжилт зогсонги байдалд байгааг анхааруулсан. “Шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдсэн боловч шүүх болон прокурорын байгууллага улс төрийн хөндлөнгийн оролцоонд өртөмтгий хэвээр байна” гэж тайланд дурджээ.

https://balkaninsight.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа